Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх хөгжилтэй хориод орноос бүрддэг G20-ийн бүлгийн удирдагчдын XVIII дээд хэмжээний уулзалт “Бид нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй” уриан дор Энэтхэгийн Шинэ Дели хотод 2023 оны есдүгээр сарын 9-10-нд болж өнгөрлөө.
Уулзалтаар дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх G20-ийн байр суурь, бодлогыг тодорхойлсон 83 зүйлтэй 37 хуудасны багтаамжтай хамтарсан тунхаглал гаргалаа.
G20-ийн хамтарсан тунхаглалд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, байгаль орчны үндсэн чиглэл, зорилтуудыг тусгажээ. Тухайлбал, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттайгаар бууруулах, хувийн хэвшил, гарааны бизнес, ЖДҮ, дижитал нийтийн дэд бүтцийг дэмжих, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтуудыг дэвшүүлж байна.
Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Германы канцлер О.Шольц, Английн Ерөнхий сайд Р.Сунак, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева, Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози нарын өндөр хэмжээний төлөөлөгчдөөс гадна Бангладеш, Египет, Испани, Маврики, Нигери, Нидерланд, АНЭУ, Оман, Сингапур зэрэг есөн орны төрийн тэргүүн урилгаар оролцлоо.
Уулзалтад Африкийн холбоог Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса төлөөлж оролцсон бөгөөд уулзалтаар тус холбоог албан ёсоор G20-д орууллаа.