“Удокан” дахь үйлдвэр ашиглалтад орсноор анхны зэсийн баяжмалаа гарган авлаа гэж ТАСС агентлаг мэдээлэв. Тус төсөл ТОР “Забайкалье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 230 тэрбум гаруй рубль гэж компанийн тайланд дурджээ.

Өвөр байгалийн хязгаарын нутагт орших ОХУ-ын Удоканы зэсийн ордын нөөц 26.7 сая тонн бөгөөд тус уул уурхай, металлургийн цогцолборыг (ГМК) барих ажил 2019 оноос эхэлсэн. Уул уурхай, металлургийн цогцолборыг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулна.

Нэгдүгээр үе шат – боловсруулах үйлдвэрт нунтаглах, баяжуулах шугамыг ашиглалтад оруулна. Энэ шугамыг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцов.

Хоёрдугаар үе шат – гидрометаллургийн үйлдвэрийн бүх технологийн шугамыг ашиглалтад оруулна. Үйлдвэрийн эхний шатны хүчин чадал нь 15 сая тонн хүдэр боловсруулж, жилд 150 мянган тонн катодын зэс болон сульфидын зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн хоёрдугаар шат ашиглалтад орсноор 50 сая тонн хүдэр боловсруулах бөгөөд жилд 450 мянган тонн зэс гаргах юм. Жилд 24-28 сая тонн хүдэр боловсруулах тус үйлдвэрийн дараагийн ээлжийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Удоканы ордын дэд бүтцийг бүрэн ашиглалтад оруулж дууссан. Үүнд 25 км зам болон цахилгаан дамжуулах шугам, 200 МВт-ын хоёр дэд станц, хоногт 10 мянган куб метр ус хураах байгууламжууд орно.

Эх сурвалж: www.tass.ru

Similar Posts