Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас “Хил хязгаар-2022” цэргийн хээрийн сургуулилтыг Тажикистан дахь Харбмайдон цэргийн сургалт бэлтгэлийн талбайд энэ сарын 17-21-ний өдрүүдэд явуулж байна.
Тус сургуулилтыг Тажикистан улсын ивээл дор ХАБГБ-ын Төв Азийн бүсийн түргэн байрлах хамтарсан хүчний 1000 орчим цэрэг, 300 гаруй цэргийн зэвсэглэл техник, түүний дотор нисэх онгоц, нисдэг тэрэг, нисэгчгүй нисэх аппарат ашиглан явуулж байна.
Хээрийн сургуулилтад ХАБГБ-ын Төв Азийн бүс нутгийн (Кыргызстанаас бусад) гишүүн орнуудын цэргийн ангиуд, Нэгдсэн штабын шуурхай бүлэг, Нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүн оролцож, түргэн байрлах хамтарсан хүчний үндсийг Тажикистанд байрлаж буй Оросын цэргийн 201 дүгээр баазын цэргийн албан хаагчид бүрдүүлж байна.
Сургуулилтын нээлтэд Тажикистаны Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Э.Собирзода, ХАБГБ-ын Нэгдсэн штабын дарга, хурандаа генерал А.Сидоров, ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Хайрулоев нар оролцлоо.
ХАБГБ-ын Төв Азийн бүсийн хамтарсан хүчний гол үүрэг зориулалт бол гадны цэргийн түрэмгийллийг няцаах, терроризмтой тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй бусад аюул, заналхийлэлд цаг тухайд нь хариу арга хэмжээ авахад бэлэн байх, ялангуяа уулархаг нутаг дахь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах, олзлогдсон объектуудыг чөлөөлөх, улсын хилийг сэргээх явдал мөн гэж ХАБГБ-ын Нэгдсэн штабын дарга, хурандаа генерал А.Сидоров нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж байна.
Тус сургуулилтыг ХАБГБ-ын гишүүн улсын нутаг дэвсгэрт хууль бус зэвсэгт бүлэглэлүүд нэвтэрсэн тохиолдолд Төв Азийн бүс нутгийн түргэн байрлах хамтарсан хүчнийг дэлгэн байршуулах, байлдааны ажиллагаа явуулж дайсныг устгах зорилгыг агуулсан хоёр үе шаттайгаар явуулж байна.
Эхний шатанд уулархаг нутаг дахь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах зорилгоор хамтарсан хүчний ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, хоёр дахь шатанд хамтарсан хүчний нэгжүүдийг удирдаж, дайсныг устгах, улсын хилийг сэргээх байлдааны болон тусгай ажиллагаа явуулах юм. Сургуулилтын оргил үе маргааш нөгөөдөр үргэлжилнэ.