Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн сунжрах явцад Украины талаас Оросын нутгийн гүнд пуужингийн цохилт өгөх, Оросын дотоодод дайныг эсэргүүцсэн томоохон аллага, хядлага гарах, Оросын сургалт-байлдааны онгоц хотын хороолол дунд унах, олон тооны иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох зэрэг нь Оросын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Хээрийн сургуулилт хийж байсан сургалт-байлдааны Су-34 онгоцны хөдөлгүүрт нь гал гарсны улмаас өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны орой Оросын Краснодарь мужийн Йейск хотын орон сууцны хороолол дээр унаж, зургаан хүн амиа алдаж, 19 хүн шархадсан байна. Краснодарь мужийн захирагч ослын газарт онц байдал тогтоож, 300 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна ( Зураг дээр: СУ-34 онгоц Йейск дахь орон сууцны барилга дээр унаж байгаа нь).
Мөн “Баруун” цэргийн тойргийн Белгород муж дахь сургалт бэлтгэлийн талбайд 10 дугаар сарын 15-ны өглөөний 10:00 цагт болсон зэвсэглэсэн халдлагын улмаас олон тооны хүн алагдаж, шархадсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлж байна. Энэ нь Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн сайн дурын цэргүүдийн галын бэлтгэлийн сургуулилт хийх үеэр ТУХН-ийн нэг улсын хоёр иргэн тус ангийн бие бүрэлдэхүүн рүү бага оврын буугаар гал нээж, 11 хүнийг алж, 15 хүнийг шархдуулсны эцэст хоёр террорист устгагдсан байна.
Мөн Украины талаас пуужингийн довтолгооныг Белгород хот руу энэ сарын 13-15-ны өдрүүдэд удаа дараалан хийлээ. Тухайлбал,
Украины талаас пуужингаар харвасны улмаас 10 дугаар сарын 15-ны үдээс хойш Белгород мужийн нутаг дэвсгэрт газрын тосны агуулах, гаалийн шалган нэвтрүүлэх цэг шатсан байна. Үүний өмнөх өдрийн орой Белгород хотын эрчим хүчний дэд станцыг, 10 дугаар сарын 13-нд мөн хотын зэвсгийн агуулах, орон сууцны барилгыг пуужингаар харважээ.
Тус пуужингийн довтолгоонд Украины Су-27 сөнөөгч онгоцнуудад суурилуулсан америкийн агаар-газар ангиллын тактикийн AGM-88 HARM загварын далавчит пуужингаар цохилт өгсөн нь газар унаж олдсон хэлтэрхийнүүдээр нотлогдсон байна.[1]
Украины талын удаа дараагийн пуужингийн цохилтын улмаас Белгород мужийн эрх баригчид 10 дугаар сарын 17-ны даваа гарагаас эхлэн мужийн бүх сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас нь өмнө эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
[1] https://lenta.ru/news/2022/10/12/udar_raketami/ (2022.10.12) Украины зэвсэгт хүчин Америкийн HARM пуужингаар Белгород мужид цохилт өглөө