“Бүс нутгийн хамтын ажиллагаа-22” Америк-Төв Азийн орнуудын хамтарсан цэргийн олон улсын хээрийн сургуулилтыг Тажикстан улсад энэ сарын 10-нд эхлүүлж, 14 хоногийн хугацаанд явууллаа. Тус хээрийн сургуулилтыг АНУ-ын Төвийн командлал ивээн тэтгэж, 2004 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн сургуулилт нь АНУ, Тажикстан, Казахстан, Кыргызстан, Монгол, Пакистан, Узбекстан зэрэг орны цэргүүд оролцсон зургаан өдрийн команд штабын сургуулилт, Тажикстаны Фахрабад сургалтын төвд явуулсан америк-тажикийн хоёр талын хээрийн сургуулилт гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрджээ.
Хээрийн сургуулилттай холбогдуулан АНУ-аас Тажикстан улсад суугаа Элчин сайд Ж.Поммершайм мэдэгдэхдээ, “Бүс нутгийн хамтын ажиллагаа-22” хээрийн сургуулилт нь Төв Азийн бүс нутагт цэргийн хамтын ажиллагаа, харилцан ажиллах чадварыг хөгжүүлэх, цэргийн ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг дэмжих, үндэстэн дамнасан терроризм, хар тамхитай тэмцэхэд холбогдох байгууллагуудын хариу арга хэмжээний төлөвлөлт, харилцан ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой гэдгээ илэрхийлж байна.
Улмаар бүс нутаг дахь түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, бүсийн хэмжээнд тулгарч буй сорилтод энхийн замаар хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж гэж оролцогч талууд үзэж байна.
Энэ удаагийн сургуулилт нь цаг хугацааны хувьд өнгөрсөн долоо хоногт Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн болон ажиглагч орнуудын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын уулзалттай давхцсан бөгөөд тус сургуулилтын талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев мэдэгдэхдээ: АНУ-ын зүгээс Афганистаны ойролцоо цэргийн бааз байгуулах, цэргийн ажиллагааны боломжит театрыг судлах, цэргийн дэд бүтцийг бий болгох зорилготой хэмээн үзэж, холбоотон түнш орнууддаа болгоомжтой хандахыг анхааруулж байна.