Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд АНУ Украинд нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд дахин гурван тэрбум орчим ам.долларын цэргийн тусламж үзүүлэх болсноо Украины тусгаар тогтнолын өдөр буюу 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр зарлалаа.
Энэхүү багцын 1.5 тэрбум ам.долларын тусламжийг есдүгээр сарын эцэс гэхэд Украинд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд агаарын довтолгооноос хамгаалах систем, их бууны сум, хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн систем, радар, лазерын удирдлагатай пуужингийн систем багтаж байна. Тухайлбал, зургаан нэгж агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн дэвшилтэт NASAMS систем (сум галт хэрэгсэлийн хамт), 155 мм хүртэлх төрөл бүрийн калибрын их бууны 245 мянган сум, 120 мм-ийн миномётын 65 мянган галт хэрэгсэл, тагнуул туршуулын зориулалттай PUMA, SCAN EAGLE зэрэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж, харван устгах зориулалттай VAMPIRE систем, (дагалдах хэрэгсэлийн хамт), HIMARS тийрэлтэт артиллерийн галын систем, 1000 нэгж танк эсэргүүцэх зөөврийн JAVELIN систем, эмнэлгийн зориулалттай 50 нэгж M113 хуягт машин, эм бэлдмэл, тэсрэх бодис байна.
Украинд нийлүүлэх NASAMS систем нь Оросын алсын тусгалын бөмбөгдөгч онгоцуудаас харваж байгаа далавчит пуужинг, түүний “газар-агаар” ангиллын пуужингийн системээр устгах, PUMA, SCAN EAGLE загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр Оросын цэргийн байрлалыг илрүүлж, HIMARS тийрэлтэт артиллерийн галын системээр устгах зэргээр Оросын цэргийн эсрэг иж бүрнээр, харилцан уялдаатай ашиглах төлөвтэй байгаа аж.
Мөн АНУ-ын засаг захиргаа тус багцтай холбогдуулан Украины армид тусламж үзүүлэх, сургах ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай командлалын төвийг хоёр одтой генералаар толгойлуулсан явдал нь Америкийн цэргийн оролцоог урт хугацааны туршид явуулахаар төлөвлөж байгааг харуулж байна.
Украинд нийлүүлэх зэвсэглэл, техникийг агуулсан аливаа ачаа, бараа нь Оросын хувьд хууль ёсны цэргийн бай болно гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров анхааруулж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков “Украиныг барууны орнуудаас зэвсгээр хангах нь Орос-Украины хэлэлцээг амжилтгүй болгож, олон улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ” хэмээн мэдэгдэж байна.
—оОо—