Запорожье атомын цахилгаан станц (ЗАЦС)-ыг хянан шалгах Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА)-ийн шинжээчдийн баг өчигдөр буюу наймдугаар сарын 31-ны орой Запорожье хотод хүрэлцэн ирээд өнөөдрөөс тус станцыг шалгаж эхлэх төлөвтэй байна. Шинжээчдийн багийн үндсэн зорилго нь ЗАЦС-ын цөмийн аюулгүй байдлыг судлах, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх явдал гэж үзэж байна. Мөн цөмийн тоног төхөөрөмж, хөргөлтийн систем, станцын эргэн тойронд болон гарах замуудыг их буу пуужингаар харвасан байдал зэргийг газар дээр нь шалгаж, үнэлгээ дүгнэлт гаргах юм.

Энэхүү багийг төвийг сахисан байр суурьтай байх зарчмын үүднээс Албани, Иордан, Итали, Хятад, Литва, Мексик, Польш, Серби, Хойд Македон, Франц зэрэг 10 орны төлөөлөл 14 мэргэжилтнийг бүрэлдэхүүнд нь багтааж, тус багийг ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Р.Гросси өөрөө удирдаж байна.

Шинжээчдийн баг замдаа Киевт Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан бөгөөд тэрээр, ЗАЦС-ын нутаг дэвсгэрийг нэн даруй цэрэггүй болгох, станцыг тойрсон 10 км-ийн орчимд хамгаалалтын бүс байгуулах, станцад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг саадгүй нэвтрүүлэх тээврийн коридорыг бий болгох зэрэг  хүсэлтийг шинжээчдийн багт тавьсан болно.

Тус станцыг бүрэн хяналтандаа байлгаж, тэнд байгаа украин ажилчид, оршин суугчдыг янз бүрийн аргаар дарамтлах байдлаар өөрийн цэргийн ажиллагаагаа зөвтгөх, “украинчууд станцыг буудсан” мэтээр буруутгах зэрэг урьдчилан бэлтгэсэн өөрт ашигтай хувилбараар Оросууд шинжээчдийн дүгнэлтэд нөлөөлнө гэж Украины тал болгоомжилж байна.

Цаашид станцад цөмийн аюулгүй байдлыг тасралтгүй хангах үүднээс байнгын ажиллагаатай төлөөлөгчийн газраа байгуулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг шинжээчдийн баг гаргаж, багийн бүрэлдэхүүнийхээ тал хувийг ЗАЦС дээр үлдээж удаан хугацаагаар, ээлж ээлжээр үргэлжлүүлэн ажиллуулах төлөвтэй байна.

–о0о–

Similar Posts