ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан зэвсэглэл хорогдуулах гэрээнүүдэд Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах, Стратегийн довтолгооны хүчин чадлыг бууруулах, Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг хорогдуулах тухай гэрээ багтдаг.
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах анхны гэрээ (СНВ-1)-г АНУ, ОХУ-ын хооронд 1991 онд байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал 6000 цөмийн цэнэгт хошуу, 1600 тив хоорондын баллистик пуужин болон бөмбөгдөгч онгоцноос бусдыг хориглосноор, 2001 он гэхэд хүйтэн дайны үеийн стратегийн цөмийн зэвсэглэлийн 80 орчим хувийг уг гэрээгээр устгасан.
Гэрээний хугацаа 2009 оны 12 дугаар сарын 5-нд дууссан тул 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Прага хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээнд гарын үсэг зурж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд нь соёрхон баталснаар 2011 оны нэгдүгээр сарын 26-нд хүчин төгөлдөр болсон.
Гэрээгээр хоёр тал стратегийн довтолгооны зэвсэглэлийг үлэмж хэмжээгээр хорогдуулах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2021 онд дууссан тул хугацааг хоёр улсын Ерөнхийлөгчид 2026 оны хоёрдугаар сар хүртэл сунгасан.
Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд энэ сарын 21-нд илгээсэн илгээлтдээ ОХУ Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээ (СНВ-3)-ний үйлчлэлээ түр зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Уг нь тус гэрээгээр хоёр тал цөмийн зэвсэглэл, цөмийн байгууламж, объектуудаа харилцан хянан шалгалтыг жил тутам хийх эрх, үүрэг хүлээдэг ч энэхүү ажиллагаа нь цар тахал, Украины дайн, улс төрийн хурцадмал байдлаас болоод үндсэндээ зогссон юм.
“АНУ, Орос хоёр цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хангах талаар дэлхийн өмнө асар их үүрэг хариуцлага хүлээдэг. Хэрэв ОХУ бэлэн бол АНУ маргааш ч Оростой Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээ хэлэлцээрт эргэн ороход бэлэн байна. Хяналт шалгалт хийхийг зөвшөөрөхөд бид бэлэн байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан орлогч В.Нуланд мэдэгдэж байгаа нь гэрээ сэргэх боломжтойг харуулж байна.