АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Казахстанд анхны албан ёсны айлчлалыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд хийлээ.
Айлчлалаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үндсэн сэдэв нь Америк-Казахстаны хоёр талын хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх асуудал байв. АНУ Казахстаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцолж байна. Мөн С5+1 форматаар зохиогддог Төв Азийн орнууд болон АНУ-ын Гадаад хэргийн тэргүүн нарын уулзалтад оролцсоноос гадна Кыргызстан, Тажикстан, Туркменистаны Гадаад хэргийн сайд нартай тус бүр хоёр талын уулзалт яриа хийлээ. Улмаар Казахстаны Үндэсний урлагийн их сургуульд зочиллоо.
АНУ-ын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай (62 тэрбум ам.доллар), Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан, бүс нутгийн хамгийн олон хүн амтай Узбекстан улсуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчилж байгаа нь хоёр талын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.