Дэлхийн Банкны шинжээчид Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн боловсруулжээ.

Өнгөрсөн оны эцсээр боловсруулсан таамаглалаас хойш бүс нутагт гарсан гол өөрчлөлт, гадаад хүчин зүйлүүд нь БНХАУ-д халдварын тархалт үргэлжилж байгаа, Украинд болж байгаа үйл явц Европын бүс нутгийн болон дэлхийн эдийн засагт таагүй нөлөөл үзүүлж эхэлсэн, ОХУ-ын эсрэг өрнөдийн орнуудын зүгээс хориг арга хэмжээ авсан, өндөр хөгжилтэй орнуудын Төв банкнуудын зүгээс бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн зэрэг томоохон өөрчлөлт гарч байна.

Дээр дурдсан хүчин зүйлс болон экспортын гол боомтуудад үүсээд байгаа тасалдал нь Монгол улсын гадаад худалдаа, төсвийн орлогын бүрдэлтэд ихээхэн таагүй нөлөөлөл үзүүлэх, мөн дэлхийн зах зээлд зарим нэр төрлийн түүхий эдийн үнэ ханшийн өсөлт Монгол улсын импортод нэмэлт ачаалал учруулж болзошгүй байгаа тул Дэлхийн банкны зүгээс Монгол улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг өөдрөг хувилбараар 2.5 хувь, тааруу хувилбараар 0.7 хувьд хүрч саарч болзошгүй гэсэн таамаглалыг боловсруулан гаргажээ.

Эх сурвалж: Дэлхийн банк, Монголын Эдийн засгийн тойм, 2022 оны 4-р сар.

Энэ оны эхний улиралд экспортод гаргасан нүүрсний хэмжээ эрс буурч 2.5 сая тоннд хүрсэн, нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс  -2.9 хувиар буурч, импорт 11 хувиар нэмэгджээ.

Монгол улсын уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон гол нэрийн түүхий эдийн олборлолт

Эх сурвалж: Дэлхийн банк, Монголын Эдийн засгийн тойм, 2022 оны 4-р сар.

Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан мэдээллээр 1-р улиралд аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл -24.4 хувиар, борлуулсан нийт бүтээгдэхүүн -26.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Монгол Улсын төсвийн тэнцлийн үндсэн үзүүлэлт:

Эх сурвалж: Дэлхийн банк, Монголын Эдийн засгийн тойм, 2022 оны 4-р сар.

Оны эхний улиралд улсын төсвийн орлого 3,568.0 тэрбум төгрөгт хүрч 35.7 хувиар нэмэгдсэн бол төсвийн нийт зарлага 3,632.7 тэрбум төгрөгт хүрч 40.3 хувиар өссөн байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын арга хэмжээ, үнэ тогтворжуулах арга хэмжээний улмаас оны эцэст төсвийн зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж болзошгүй байгааг Дэлхийн банкны тоймд анхааруулжээ.

Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” гэж мэдэгджээ.

Дэлхийн банкны энэхүү тоймд:

 “Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монгол банкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.

Similar Posts