Нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал нь хүн амын ахуй амьдралд нөлөөгөө байнга үзүүлж байдаг. Энэ нь манай өнөөгийн нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салах зэрэг үзэгдлээр тод илэрч байна. Тухайлбал,
- Нийгэмд архидалт ихсэж, бууралт нь ажиглагдахгүй байна. 2022 оны эхний улиралд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 19704 болж өмнөх оны мөн үеийнхээс 1005-аар нэмэгджээ.
- Ажилгүй иргэдийн тоо ихэссэн нь шийдлээ хүлээсэн сорилт болж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ажилгүй иргэд 2021 оны дөрөвдүгээр улиралд 99393 болж өмнөх оны мөн үеийнхээс 7308-аар ихэссэн.
- Амиа хорлох нөхцөл байдал хүндэрч байна. Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний улиралд хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 156 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 79-өөр нэмэгджээ.
- Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүл цуцлалт ихсэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн сангийн сүүлийн долоон жилийн дүнгээс үзвэл гэр бүл цуцлалт 2015-2019 онд тогтмол өссөн (гэр бүл цуцлалтын тоо 3873-4262) бөгөөд 2020 онд 3316 болж буурсан боловч 2021 онд 3391 болж (өмнөх оны мөн үеийнхээс 75-аар ихэссэн) дахин өсөх хандлагатай байна.
Зураг 1. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн зөрчил гаргасан, саатуулагдсан хүн
Эх сурвалж: ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба. Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний гурван сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээ. УБ., 2022, т.17.