Үйл явдлын товч     

2021 оны эхээр “Covid-19” халдварын буюу “SARS-Cov-2” вирусын үүслийг судлахаар ДЭМБ-ын мэргэжилтнүүд БНХАУ-ыг зорьж, Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдсэн эмнэлэг, Хуанан далайн зах болон түүнээс холгүй орших Ухань вирус судлалын төвийн лабораторт тус тус зочлов. Гэвч жилийн дараа халдварын эх үүсвэрийг судалсан мэргэжилтнүүд “лабораториас гараагүй” гэдгийг хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн билээ. ДЭМБ-ын албан ёсны судалгааны тайлан 3 сарын 15-наас 19-ний хооронд нийтлэгдэх байсан боловч “хараахан бэлэн биш” байгаа гэх шалтгаанаар хойшилсоор байгаа билээ.

Халдварын үүсэл

2019 оны 12 сарын 31-ний өдөр БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс 12 хоногийн дараа БНХАУ-ын вирус судлалын хүрээлэнгээс вирусын генийн бүтцийг олон нийтэд танилцуулсан билээ. Улмаар ДЭМБ-ын зүгээс үүнээс 11 хоногийн дараа олон улсын хэмжээний онцгой байдал (PHEIC), дахиад 48 хоногийн дараа цар тахал (pandemic) хэмээн зарласан.

Энэхүү шинэ төрлийн вирус сарьсан багваахайны вирустай 96 хувь, “SARS” коронавирусын генийн бүтэцтэй 79.5 хувь адил байгааг онцолж байв. Гэвч одоог хүртэл ДЭМБ албан ёсоор Covid-19 халдварыг үүсгэгч “SARS-Cov-2” вирусын эх үүсвэрийг тодорхойлоогүй бөгөөд сарьсан багваахай анхдагч эсвэл тээгч (intermediate host) байсан нь тодорхойгүй хэвээр байна. Үүний улмаас БНХАУ-ыг мэдээллээ нууцалсан болон ДЭМБ цаг алдаж “цар тахал” хэмээн зарласан зэргээр АНУ-ын зүгээс буруутгасаар байгаа билээ.

Халдварын үүслийг талаарх таамаг

Халдварын эх үүсвэрийг тодорхойлох нь халдварын генийн бүтцийг ойлгоход дөхөмтэй билээ. Ерөнхийдөө халдварын эх үүсвэртэй холбоотой дэлхий даяар үндсэн 4 таамгийг дэвшүүлж байгаа билээ.

Таамаг 1: Амьтнаас хүнд шууд халдварласан

“SARS-Cov-2” вирусыг 2003 оны “SARS” коронавирустай харьцуулахад вирусын генийн бүтэц төстэй байсан учраас сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэх таамаг анх гарсан билээ. Харин зарим эх сурвалжийн үзэж буйгаар Хятадын уламжлалт эмийн хэрэгцээнд ашиглагддаг “памголин” гэх амьтнаас гаралтай гэсэн бол “крайт, кобра могой”-ноос ч халдварласан байх магадлалтай хэмээн үзэж байв.

Хэрэв сарьсан багваахайнаас үүссэн бол БНХАУ-ын Уханий далайн захаас  гадна Юн нан мужийн сарьсан багваахайнаас илэрсэн байх магадлал өндөр бол Мьянмар, Лаос, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад ч байдаг талаар Duke их сургуулийн проф.Ван Лифа онцолжээ.

Таамаг 2 : Сарьсан багваахайнаас тээгч амьтнаар дамжин хүнд халдварласан

2020 оны 2 дугаар сард ДЭМБ-ын зүгээс БНХАУ-тай хамтран гаргасан тайланд вирусын суурь сарьсан багваахай гэсэн бол ДЭМБ-ын мэргэжилтнүүд газар дээр нь очиж судлаад мөн адил “тээгч амьтнаар дамжин халдварласан байх магадлал өндөр” гэхээс өөр тодорхой хариу өгөөгүй. Тайваны эрдэмтэн халдвар хурдан тархсан шалтгааныг “харх”-тай холбон тайлбарлаж, тээвэрлэсэн байх магадлалтай гэв. Үүнээс үзвэл, сарьсан багваахайнаас үл мэдэх тээгч амьтнаас хүнд халдаасан эсвэл сарьсан багваахай өөрөө тээгч амьтан ч байж болохоор байна.

Таамаг 3: Хөлдөөсөн махнаас халдварласан

“SARS”, “MERS” зэрэг коронавирус хоол хүнсээр дамжсан тохиолдол байхгүй боловч амьтаны гаралтай түүхий хүнсэнд агуулагдах магадлалтай тухай ДЭМБ-ын 2020 оны 2 дугаар сарын 21-нд нөхцөл байдлын тайланд дурджээ.

БНХАУ-ын тархвар судлаач Зен Гуанг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэвлэлийн бага хуралд “Covid-19 Уханьд анх илэрсэн боловч үнэн хэрэгтээ өөр эх үүсвэрээс үүссэн” гэсэн бол өөр нэгэн судлаач “импортын хөлдөөсөн далайн гаралтай махнаас үүссэн байж болзошгүй” тухай мэдээлэв.

Үүний дараагаар БНХАУ-ын мэдээний агентлаг Италид 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд уушгины хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд цуглуулсан цусны дээжээс “SARS-Cov-2” коронавирусын эсрэгбие илэрсэн хэмээн тодотгож, Уханиас өмнө Италид үүсэж импортын хөлдөөсөн махнаас халдварласан гэх болсон билээ.

Таамаг 4: Вирусын лабораториас санамсаргүй тарсан

БНХАУ-ын Ухань хотын “Хуанан” далайн захаас 32 км зайд орших “Уханий вирус судлалын 4 дүгээр төвшний лаборатор”-аас тархсан гэх таамгийг АНУ-ын зарим нэг сайтуудаар гарч байсан бол үүнийг БНХАУ мэдээний агентлаг “үндэслэлгүй гүтгэлэг” хэмээн 24 төрлийн тайлбарыг нийтэлж байв. Улмаар АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп болон ТНБД Помпео нар “Хятадын вирус” гэхчилэн ил тодоор шүүмжлэх болсон.

2015 онд ашиглалтад орсон 60 сая ам.долларын Ухань вирус судлалын 4 дүгээр түвшний лаборатор нь Ази дахь хамгийн том вирусын банк бөгөөд 1500 гаруй төрлийн вирусын нөөцтэй гэх. Энд “SARS”, “MERS” зэрэг бүх л төрлийн вирусын дээж байдаг аж. Анх “SARS” үүсэхэд мөн Бээжингийн вирус судлалын хүрээлэнгийн 2 ажилтан халдвар авсантай холбож тайлбарладаг боловч одоог хүртэл батлагдаагүй.

Хэрвээ санаатайгаар тараасан бол энэ нь “биологийн зэвсэг” гэсэн үг бөгөөд үүний ард ямар ч улс орон, байгууллага эсвэл хувь хүн байхыг үгүйсгэхгүй . Хэдийгээр энэ таамаг батлагдаагүй ч Америкт явуулсан санал асуулгаар иргэдийн 29 хувь БНХАУ-ын лабораториас үүссэн гэж үзэж байгаа нь Азиудыг ялгаварлах, үзэн ядах үзэл газар авах болсныг илтгэж байна.

Халдварын үүслийг судлах шинжээчдийн баг

2020 оны 5 дугаар сард дэлхийн эрүүл мэндийн ассемблей ДЭМБ-ыг “SARS-Cov-2” вирусын үүслийг тодруулах хүсэлт гаргаснаар 7 дугаар сард ДЭМБ болон БНХАУ-ын хамтарсан судалгааг эхлүүлжээ. Ийнхүү 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ДЭМБ-ын мэргэжилтнүүд БНХАУ-ын Ухань хотод очиж тусгаарлагдаж, 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 10-ныг хүртэл судалгаа хийжээ. Энэхүү хамтарсан багт 10 улсын 17 төлөөлөгчөөс гадна БНХАУ-ын 17 шинжээчээс бүрдэх аж. Эхний хэсгийн судалгааг БНХАУ-ын баг хийж гүйцэтгэсэн гэв.

Хамтарсан шинжээчдийн баг эпидемиологи, амьтан, хүрээлэн буй орчин гэсэн гурван багт хуваагдан газар дээр нь очиж шинжилгээ, ярилцлага авах, видео хурал, хэлэлцүүлэг хэлбэрээр системтэй судалгаа хийсэн аж. Ингээд 2 дугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурлаар судалгааны үр дүнг эхний байдлаар танилцуулж, хурлын протокол сарын дараа ил болсон. Хамтарсан судалгааны багийн зүгээс дээрх таамгийн үндэслэлийг шалгах, хэрхэн хүнд халдварласныг илрүүлэх зорилготой тул дараах тайлбарыг хэвлэлийн бага хурал дээр зарласан болно. Үүнд:

  • Вирусын лабораториас үүссэн байх бараг л боломжгүй.
  • Сарьсан багваахайнаас үүссэн байж болзошгүй бөгөөд тэр дундаа тээгч амьтнаас дамжин халдварласан байх хувилбар илүү магадлал өндөр байна.
Эх сурвалж: ДЭМБ-ын шинжээчдийн багийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хэвлэлийн бага хурлын агуулгаас тоймлов.“Full text: China-WHO press release of global study on COVID-19 origins”, Mar 15, 2021
Зураг: Covid-19 халдварын гарал үүсэлтэй холбоотой таамаг ба тайлбар

Ийнхүү хэвлэлийн бага хурлаар БНХАУ-ын багийн ахлагч Лян Ванниан хөлдөөсөн махнаас үүссэн гэсэн бол ДЭМБ-ын шинжээч Питер Бен Эмбарек “тээгч амьтнаас халдварласан” үүссэн гэв. Энэ тухай 3 дугаар сарын 15-наас нийтлэгдэх тайланд дэлгэрэнгүй дурдсан гэсэн бол хойшилсоор байв. Үүнийг ДЭМБ-ын шинжээчдэд шахалт үзүүлж байгаа хэмээн хардаж, судалгаагаа ил тод, нээлттэй хийхийг олон улсын судлаачид уриалсаар байна. Энэ нь АНУ, БНХАУ-ын хооронд сөргөлдөх, улс төржих нөхцлийг бүрдүүлж болзошгүй.

Дүгнэлт ДЭМБ-ын тайлангийн үр дүн ямар байхаас үл шалтгаалан олон улсад улс төржиж, мэдээллээ нууцалсан гэх зэргээр БНХАУ-ыг үзэн ядаж байгаа нь Азиудыг ялгаварлах, тэдний аюулгүй байдалд нөлөөлж байна. Гагцхүү зэрлэг амьтнаас хүнд халдварлах вирусыг судалж дараагийн хувилбар “SARS-CoV-3” үүсвэл улсын хувьд бэлтгэлтэй байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Similar Posts