АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын зүгээс хөрш Украин улсын бүрэн эрхт байдалд халдаж эхэлсэнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд худалдахыг хориглон, тус улсын элит давхаргын болон тэдний гэр бүлийн гишүүдэд хориг тавихаа мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Далеп Сингх Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан “Энэ бол бидний хариу арга хэмжээний зөвхөн эхлэл бөгөөд Оросын банкны системийн нийт хөрөнгийн талаас илүү хувийг буюу бараг 750 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Оросын хоёр том санхүүгийн байгууллагад арга хэмжээ авахад бэлэн байна” гэж хэллээ.
Энэхүү мэдэгдэл Оросын батлан хамгаалах салбар болон эдийн засгийн хөгжлийг санхүүжүүлдэг төрийн өмчит “Промсвязьбанк”, “Внешэкономбанк”-ыг онилон эдгээр банкны АНУ дахь хөрөнгийг царцааж, америкчуудыг тэдэнтэй бизнес хийхийг хориглож, тэднийг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах, ам.доллараар төлбөр тооцоо хийх боломжгүй болгоход чиглэсэн байна.
Ерөнхийлөгч Жо Байденыг үг хэлсний дараа Нью-Йорк дахь түүхий нефтийн фьючерс ханш өсөж, АНУ-ын хувьцаануудын ханш унаж, Азийн хувьцаануудын ханш өссөн байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 23-ний өдрийн 11 цагийн байдлаар хувьцааны олон улсын зах зээл дараах байдлаар өөрчлөгджээ:
- “Dow Jones Industrial Average” 1.4 хувийн бууралт
- “MSCI World” индекс хувийн бууралт
- “S&P 500 индекс” 1 хувийн уналт
- “Nasdaq” 100 хувийн уналт
- Австралийн “S&P/ASX 200” индекс 0.4 хувийн өсөлт
- Өмнөд Солонгосын Kospi индекс 0.1хувийн өсөлт
- Хонг Конгийн “Hang Seng” индекс 0.6 хувийн өсөлт
- Хятадын “Shanghai Composite” индекс 0.6 хувийн өсөлт
- Euro “Stoxx 50 фьючерс” 0.5 хувийн өсөлт
Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх голлох түүхий эдүүдийн үнэ хэлбэлзэж эхэлсэн бөгөөд “Brent” төрлийн газрын тосны үнэ 0.37 хувиар өсөж, 97.2 ам.доллар болоод буй бол WTI төрлийн газрын тосны үнэ 1.41 хувиар өсөж, баррель нь 92,35 ам.доллар болсон бөгөөд алтны үнэ ханш өөрчлөлт багатай унц нь 1899.78 ам.доллар байна.
Хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын нийлүүлэх нефть болон байгалийн хийн хэмжээ багасах нь дэлхийн эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлнэ гэж судлаачид үзэж байна.