Энэ өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөл болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хуралдаж байна.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан Хятадын Засгийн газрын өнгөрсөн 2022 оны гол ололт амжилт болон өнгөрсөн таван жилийг дүгнэж, 2023 оны гол зорилтыг дэвшүүллээ. Үүнд:
Өнгөрсөн жилд:
Хятадын эдийн засагт Ковид-19, бусад дотоод, гадаадын хүчин зүйлс өнгөрсөн нэг жилийн хугацаанд төсөөлж байснаас илүү нөлөөлсөн. Гэсэн хэдий ч эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж, бэрхшээл, сорилтуудыг даван туулж, тавьсан зорилтоо биелүүлсэн. Тухайлбал: дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 3 хувь, хэрэглээний үнийн индекс 2 хувь, барааны худалдааны нийт хэмжээ 7.7 хувиар тус тус өсөж, үр тариа 685.0 сая тоннд хүрч, 3.7 сая тонноор нэмэгдэж, хотод 12.7 сая ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 5.5 хувь болж буурч, төлбөрийн тэнцлийн үндсэн тэнцвэрт байдлыг хангасан.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд:
БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ 2022 оны байдлаар 121.0 их наяд юаньд хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд жилийн 5.2 хувийн өсөлт үзүүлэв. Сүүлийн 10 жилийн хугацаанд ДНБ бараг 70.0 их наяд юаниар нэмэгдэж, жилийн 6.2 хувиар өссөн. Засгийн газрын орлого 20.4 их наяд юань болж нэмэгдэв.
Аж үйлдвэрийн нийт нэмүү өртөг 40.0 их наяд юанийг давж, гадаад валютын нөөц 3.0 их наяд гаруй ам.долларт тогтвортой хэвээр байна.
Хятад улс дахь туйлын ядуурлын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэв.
Шинжлэх ухаан, боловсруулалтын зардал ДНБ-ий 2.1-2.5 гаруй хувь, өндөр технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нэмүү өртөг жилд дунджаар 10.6 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 7.9 хувь, бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 40.0 их наяд юанийг давж, жилийн 8.6 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд байгалийн гамшигт өртөж сүйрсэн хот суурин газруудад 42 сая орон сууцыг шинээр барьж, 100 сая гаруй хүн шинэ орон сууцанд оржээ.
Хятадын Засгийн газрын 2023 онд дэвшүүлсэн зорилт:
Хятад улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 5 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Хот суурин газарт 12 сая орчим ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас тус тус хэтрүүлэхгүй барьж, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байлгана.
Экспорт, импортыг тогтвортой нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн тэнцвэрийг хадгалж, үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос дээш нэмэгдүүлнэ.
Агаар бохирдуулагч ашигт малтмалын гаралтай эрчим хүчний хэрэглээг танаж, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг хөгжлийн гол зорилтуудыг дэвшүүлжээ.
2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр