ҮАБЗ–ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Б.Даваадоржтой ярилцлаа.
-Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурал удахгүй болох гэж байна. Энэ удаагийн хурал, онцлох зүйлсийн талаар сонирхуулна уу?
-Дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулж, даван туулаад удалгүй бүс нутаг, олон улсын геополитикийн нөхцөл байдал хурцадсан, ээдрээтэй цаг үе залгаж, цаашдаа үйл явдал яаж өрнөх нь тодорхой бус, эгзэгтэй үед бид амьдарч байна. Ийм үед Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан энэхүү арга хэмжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцэж, ярилцах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна. Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагааг дэмжих, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаатай бидний зохион байгуулж ирсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурлын үзэл санаа бүрэн нийцэж байгаа юм.
Ингээд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин ээдрээтэй байгаа энэ цагт бид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII дахь удаагийн хурлыгэнэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Канад, Энэтхэг, Казахстан, Франц, Швейцар, Сингапур, Австрали, Турк, Польш, Унгар, Чех, Швед, Вьетнам зэрэг хорь орчим улсын 60 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, төлөөлөгч нар оролцоно.
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачилга, үзэл санаа хэзээ бүрэлдсэн, юунаас улбаатай вэ?
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол манай уламжлалт гадаад бодлогын илэрхийлэл болсон арга хэмжээ хэмээн ойлгож болно. Оршиж буй, мөн хүрээлэн буй бүс нутагтаа яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг Монгол Улс наяад оноос тууштай дэвшүүлж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг тодорхой бүтэцтэй болох санаачилгыг дэвшүүлж, бүс нутгийн орнуудад албан ёсоор зарласан. Тодруулбал, “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII хурлын үеэр дэвшүүлсэн билээ.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь манай улсын газар зүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон арга хэмжээ юм. Манай улс 1970, 1980-аад оноос Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг хамруулсан арга хэмжээг санаачлан зохион байгуулж байлаа. Хэдийгээр Монгол Улс 1990-ээд онд гадаад бодлогын хувьд эрх чөлөөгөө олж, бүс нутагт танигдсан арга хэмжээ зохион байгуулахыг эрмэлзэж ирсэн ч санхүүгийн бэрхшээлийн улмаас дорвитой арга хэмжээ зохион байгуулж чадаагүй. “Улаанбаатар хот-Шинэ Хелсинки” олон улсын хурлыг 2008 онд зохион байгуулж, улмаар зүүн хойд Азийн бүс нутгийн аль ч улс оронтой зөрчил, маргаангүй, эрх тэгш харилцдаг давуу талаа ашиглаж, олон улсын яриа хэлэлцээний талбар байж болох саналыг дэвшүүлж байв. Харин 2013 онд зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, бүс нутгийн орнуудад албан ёсоор зарлаж, 2014 оноос эхлэн энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа билээ. Үе үеийн төр засгийн удирдлага энэхүү олон улсын яриа хэлэлцээг зохион байгуулахыг бүх талаар дэмжиж ирсний үр дүнд – Улаанбаатарын яриа хэлэлцээ – зөвхөн бүс нутгийн төдийгүй, олон улсын байгууллагууд, манайтай харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудын сонирхлыг татсан арга хэмжээ болж төлөвшиж чадсан.
-Энэ удаагийн хурлын салбар хуралдаанууд болон хурлын хүрээнд болох бусад арга хэмжээний талаар тодруулбал?
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг2017 оноос эхлэн Засгийн газрын төлөөлөгчид байр сууриа илэрхийлдэг албан ёсны нэгдүгээр суваг болон эрдэмтэн, судлаачдын оролцдог хоёрдугаар сувагтай хослуулан 1.5 түвшин гэсэн хэлбэрээр явуулж байна.Тус хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж, энэ удаагийн хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Хурлын эхний хэсэгт бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудын талаар зүүн хойд Азийн бүс нутгийн улсуудын судлаачид хэлэлцэнэ. Хоёрдугаар хэсэгт бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх арга механизм, боломжийн талаар хуралд оролцогсод байр сууриа солилцох учиртай. Өмнөх жилүүдийн хурлын энэ хэсэгт бүс нутагт цаашид хямралт нөхцөл байдал үүсэх, гүнзгийрэхээс сэргийлэх чухал арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэг дээр оролцогч, судлаач нар бүгд санал нэгддэг байдал ажиглагдсан. Гуравдугаар хэсгийн хуралдаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн залуусын төлөөлөл оролцож, бүс нутагт энх тайван, амар амгалан ирээдүйг бий болгоход залуусын үүрэг оролцооны талаар санал дэвшүүлж, өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцуулах болно. Дөрөвдүгээр хэсгийн хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, төр, засгийн байгууллагын төлөөлөл, судлаачдад санал солилцох боломж олгоно. Тавдугаар хуралдаанаар олон улсын банк санхүүгийн байгууллага, судалгааны хүрээлэн, судлаачдын төлөөлөлтэйгөөр ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбооны талаар ярилцана. Хурлын хүрээнд, хоёр өдрийн үндсэн арга хэмжээний дараа бид“Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал ба залуусын оролцоо” олон улсын залуучуудын форумыг анх удаа зохион байгуулах гэж байна. Гадаад, дотоодын 30 орчим залуус энэ арга хэмжээнд оролцох болно. Түүнчлэн Монгол Улсын “гуравдагч хөрш” улсуудын судлаачид оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Бидний оршин буй зүүн хойд Азийн бүс нутаг олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний тогтсон механизмтай болох нь ямар ач холбогдолтой вэ?
-Эрчим хүчний нөөцийн тухайд авч үзэхэд л энэхүү бүс нутагт БНХАУ, Япон, БНСУ гэсэн дэлхийн томоохон эрчим хүчний нөөцийн хэрэглэгч болон ОХУ, БНХАУ, Монгол Улс гэсэн эрчим хүчний баялаг нөөцтэй улс оршин байгаа. Гэтэл энэ чиглэлд болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаа өнөө хэр сул, үүнийг нь дэмжин зохицуулах олон талт хамтын ажиллагааны механизм одоо хэр бүрэлдэн тогтоогүй байна. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч Солонгосын хойгийн асуудал, бүс нутгийн улсуудын харилцан итгэлцэл сул байгаа болон бүхэлдээ зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдал үлэмж нөлөө үзүүлсээр ирсэн. Хэрвээ энэ бүс нутаг олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний тогтсон механизмтай болбол улс орнуудын хоорондын итгэлцэл нэмэгдэж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломж бүрдэнэ хэмээн харж байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын маань зорилго ч Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэх, энх тайвныг цогцлооход дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа билээ. Санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлаас гадна хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, Зүүн хойд Азийн эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, Хотуудын дарга нарын уулзалт, Залуучуудын уулзалт, шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг тус тус зохион байгуулж байв.
-Энэхүү “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлын бидэнд ногдох ашиг тус юу вэ, цаашдын үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ бүс нутагтаа Монгол Улс хоёр хөрш болон бүс нутгийн бусад улстай аливаа үл ойлголцох асуудал, маргаангүй ганц улс билээ. Бусад улс маань өөр хоорондоо газар нутаг, түүхэн асуудлаас үүдэлтэй маргаантай асуудалтай хэвээр байна. Тиймээс бүс нутагт энх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд гаргасан бидний санал санаачилгыг бүс нутгийн улсууд төдийгүй олон улс орон дэмжих нь гарцаагүй. Ингэснээр өмнө дурдсан манай гадаад бодлогын зорилго, зорилтууд хэрэгжиж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд дээшилж, энх тайванч, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлсний үр дүнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал маань улам бүр баталгаажиж байгаа юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурал ч манай улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай, тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна. Гэхдээ мэдээж хэрэг, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр бүс нутгийн хүндрэлтэй асуудлыг бүгдийг нь хэлэлцээд, бүрэн шийдэл олох боломжгүй. Харин бид эдгээр асуудлыг чөлөөтэй, нээлттэй ярилцах, оновчтой хувилбар гаргах боломжоор хангаж байгаа хэрэг.
Хурлын үеэр гарах ЗХА-ийн бүс нутгийн асуудлаар олон жил судалгаа хийж ирсэн эрдэмтдийн санал, тэдний санаа бодол бол бүс нутагт яриа хэлэлцээний механизм бий болгоход чухал ач холбогдолтой. Иймээс манай шийдвэр гаргагчид хуралдаанаар хэлэлцэж буй асуудалд анхаарч, санал санаачилгуудыг тусган авч ажил хэрэг болгоно гэдэгт найдаж байна.
Эцэст нь энэ боломжийг ашиглан хурлыг хамтран зохион байгуулсан ГХЯ, мөн энэ арга хэмжээнд өөрийн улсын судлаачид, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын хамт олонд талархал илэрхийлье.