“Эрүүл мод-Эрүүл хүн“ уриан дор өрнөж буй энэ жилийн “дэлхийн ойн өдөр”-ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, биологийн олон янз байдлыг хадгалахад ойн экосистемийн гүйцэтгэх үүргийг онцолсон.
Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүр гуравдугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийтээр ойн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг . 2021 онд санаачлан, 2030 он хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 130 сая мод тарихыг зорьж байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувь буюу 18.5 сая га талбайг ойн сан эзэлдэг. Сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдсаны улмаас ой мод доройтож, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайн хэмжээ 297 мянган га-д хүрээд байгаа бөгөөд цаашид 1.1 тэрбум мод хөнөөлт шавжид сүйтгүүлж болох тооцоо гарчээ. Энэ нь 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарих үйл хэргийг үгүйсгэж болзошгүй тул ойн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх бодлого нэн чухал болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Өнгөрсөн жил уур амьсгалын асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох COP27-ын үеэр Европын холбооны санаачилсан Ойн түншлэлд Монгол Улс нэгдсэн бөгөөд ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэхэд Европын холбооны дэмжлэгийг авахаар болсон билээ.