Умард Солонгосын Вонсан хотоос өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өглөөний 10:48 цагт харвасан баллистик пуужин 45 км өндөрт 240 км замыг туулж, Солонгосын хойгийн зүүн эрэгт унасан байна.
Умардын пуужингийн туршилттай холбогдуулан, Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдэхдээ: “Умард Солонгосын үйл ажиллагаа, тэр дундаа өмнө нь баллистик пуужин харвасан нь Япон, бүс нутаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн баллистик пуужин хөөргөж байгааг бид эрс буруушааж байна” гэжээ. Мөн Японы Ерөнхий сайд Ф.Кишида Өмнөд Солонгос, АНУ-ын эрх баригчдад хандан гурван талт хамтарсан ажиллагаа явуулах, тухайлбал, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, хүн амд цаг тухайд нь мэдээлэх ажлыг шуурхай зохион байгуулах, агаарын болон далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриаллаа.
Энэ удаагийн Умардын пуужингийн туршилт нь энэ сарын 13-нд Камбожид болсон АНУ, БНСУ, Японы гурван талт дээд хэмжээний уулзалтад өгч буй хариу арга хэмжээ гэж үзэж болно. Тус уулзалтын үеэр АНУ, БНСУ, Япон улсын удирдагчид Умардын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн эсрэг илүү өргөтгөсөн таслан сэргийлэх хариу арга хэмжээ авахаа амласан билээ.
Умард Солонгос энэхүү дээд хэмжээний уулзалтыг буруушааж, “Гурван улсын хамтарсан түрэмгий сургуулилалт нь Умард Солонгосыг хазаарлаж чадахгүй. Тэд өөрсдөдөө илүү ноцтой, бодитой аюул заналыг дуудаж байна. АНУ холбоотнуудаа хурцалж, өдөөн хатгасан цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэх тусам БНАСАУ-ын цэргийн арга хэмжээ улам ширүүн байх болно. АНУ энэ тоглоомыг сайн мэдэж байгаа, тэд үүнийхээ төлөө харамсах болно. Умардын цэргийн үйл ажиллагаа бол АНУ-ын тэргүүлсэн сургуулилалтыг эсэргүүцэж буй хууль ёсны бөгөөд шударга арга хэмжээ юм” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чвэ Сон Хи мэдэгдсэнтэй залгуулан өнөөдөр энэхүү баллистик пуужинг харвалаа.
Умард Солонгос 2017 оноос хойших анхны цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байна хэмээн АНУ энэ оны тавдугаар сараас хойш анхааруулсаар байгаа боловч хэзээ Умардынхан долоо дахь цөмийн туршилтаа хийх нь тодорхойгүй байна. Хэрвээ Пхеньян цөмийн туршилт хийвэл “хүчтэй бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэдгээ Вашингтон, Сөүл, Токио саяхны дээд хэмжээний уулзалтын хамтарсан тунхаглалдаа мэдэгдсэн билээ. Умард Солонгос нь АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн сургуулилалтын хариуд энэ он гарсаар 30 гаруй пуужин харваад байна.