УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг тус тус хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн үзүүлэлтүүдийг авч үзвэл:
- Нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь,
- Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь,
- Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар бууруулахаар баталлаа.
Монгол Улсын 2023 оны төсвийн онцлог бол:
– Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
– Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж, ДНБ-ийг 2.6 хувь байхаар баталлаа.
– Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
– Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
– Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.
– Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.
Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг баталсантай холбогдуулан, төсвийн шинэчлэлийг хийх шаардлага үүсээд байна. Иймд улсын төсвийн харилцаатай холбоотой хуулиудыг сууриар нь өөрчлөх, шаардлагатай хуулийн төслүүдийн боловсруулж, шинэчлэлийн ажлуудыг энэ ондоо багтааж хийхээр төлөвлөж байна.