ОХУ-ын Хойд Кавказын бүс нутагт оршдог Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала, Дербент хотуудад 2024 оны зургаадугаар сарын 23-нд террорист халдлага гарч, 10 гаруй цагдаа, энгийн иргэд амь үрэгдлээ.

Өчигдөр орой зэвсэгт этгээдүүд Дербент хотын Еврейчүүдийн сүм, Махачкала хотын Үнэн алдартны сүм, замын цагдаагийн пост руу халдаж, сүмийн хамба лам, хамгаалалтын ажилтныг хөнөөж, зэвсэгт мөргөлдөөний явцад 15 цагдаа амь үрэгдэж, 6 зэвсэгт этгээд алагдаж,  энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирлоо.

Эх сурвалж: https://ria.ru/20240623/nak-1954903705.html

Дагестаны Дотоод хэргийн яам терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хот руу цэргийн хуягт техник оруулан  террористуудыг богино хугацаанд дарлаа. 

Террорист халдлагын улмаас Дагестан улсад зургаадугаар сарын 24-нөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлажээ.

Дагестаны тэргүүн Сергей Меликов террористуудын зорилгыг нийгэмд үймээн самуун, айдас хүйдэс төрүүлэх явдал хэмээн нэрлэсэн бол Чеченийн удирдагч Рамзан Кадыров “Дагестаны аюулгүй байдлын албаныхан гэмт хэрэгтэн бүрийг олж, террористуудад зохих шийтгэлийг нь хүртээх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байна.

Дагестаны Исламын шашны тэргүүн Ахмад Афанди Абдулаев “Жинхэнэ мусульманчууд гэм зэмгүй, зэвсэггүй хүмүүсийн эсрэг хэзээ ч түрэмгийлэл үйлддэггүй. Ялангуяа ариун сүмдээ залбирдаг хүмүүсийн цусыг урсгах нь Исламын шашинд хориотой үйлдэл” хэмээн террористуудыг буруушааж байна.

Similar Posts