Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн Хойд Атлантын Зөвлөл хуралдаж, НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Нидерландын Ерөнхий сайд Марк Руттыг томилох шийдвэр гаргасан бөгөөд тэрээр 2024 оны аравдугаар сарын 01-нээс шинэ албан тушаалдаа орох төлөвтэй байна.
Марк Рутт 2010 оны аравдугаар сараас хойш Нидерландын Засгийн газрыг дөрвөн удаа тэргүүлж, Ерөнхий сайдаар 14 жил ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.nato.int/cps/en/natohq/news_227064.htm?selectedLocale=ru
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдсөн Румын улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис нэрээ татсанаар Марк Рутт ийнхүү “ногоон гэрэл”-ээр тус албанд томилогдож байна. Украиныг тууштай дэмжигч Марк Рутт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсоноор, түүнд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч, Европын Холбооны шинэ удирдлага, Зүүн Европын орнууд болон Украин хоорондын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахад багагүй хүндрэл, бэрхшээл тулгарч болзошгүй юм.
Марк Рутт 1967 онд Нидерландын Гааг хотод төрсөн. 1992 онд Лейдений их сургуулийг түүхч мэргэжлээр төгсөж, Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын намын дэргэдэх “Эрх чөлөө ба ардчилал” залуучуудын байгууллагын даргаар ажиллаж улс төрийн гараагаа эхэлжээ.
Марк Рутт 2003 онд Нидерландын парламентын доод танхимд багтаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байгаад 2006 онд Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын намын даргаар сонгогджээ. Тэрээр Нидерландын Ерөнхий сайдаар ажиллах хугацандаа 2016 онд Монгол Улсад айлчилж байжээ.