Их долоогийн орнуудын 50 дахь дээд хэмжээний уулзалт Италийн Апули мужид 2024 оны зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Дээд хэмжээний уулзалтад Их долоогийн бүлгийн гишүүн АНУ, Франц, Их Британи, Герман, Япон, Итали, Канад улсын төрийн тэргүүн, Европын Холбооны удирдлага хүрэлцэн ирсэн бол Ромын Хамба лам Франциск урилгаар оролцлоо.
Эх сурвалж https://it.usembassy.gov/g7-summit-2024/
Их долоогийн дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа гишүүн орнуудын төрийн тэргүүний түвшинд даргалагч улсад зохиогддог бөгөөд зорилго нь улс төр, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй чухал асуудлуудыг хэлэлцэж, зөвшилцөж, шийдвэр гаргадаг.
2024 онд Их долоогийн бүлгийг Итали улс даргалж байгаа бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Газын зурвас дахь дайн, Африкт үзүүлэх хөгжлийн тусламж, цагаачдын асуудал, хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт, Хятадын аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийг хэлэлцлээ.
Уулзалтаар Оросын барууны орнуудад битүүмжлэгдсэн хөрөнгийн ашгаас Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгох тухай шийдвэр гаргаж, АНУ, Украины Ерөнхийлөгч нар арван жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээд хэмжээний уулзалтад оролцогчид “Палестиныг хүлээн зөвшөөрснөөр Газын зөрчилдөөн дуусах ёстой” гэдэг дээр санал нэгдэж, Суданы бүх талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоох, Хуситчуудыг Улаан тэнгис дэх хөлөг онгоц руу дайрах ажиллагааг зогсоохыг шаардсан байна.
Ромын Хамба лам Франциск Их долоогийн дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн анхны хамба лам бөгөөд тэрээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ашиглахдаа хүний нэр төрийг хамгаалах, ёс зүйтэй хандахыг уриалсан байна.
Хятад улс цахилгаан машин, литиум зай, нарны хавтанг хэт их үйлдвэрлэж, Өмнөд Хятад болон Зүүн Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаад их долоогийн удирдагчид “санаа зовж” буйгаа мөн илэрхийлжээ.