Энэтхэгийн Батлан хамгаалах яамны мэдэгдэж байгаагаар Агни-5 тив хоорондын алсын тусгалт баллистик пуужингийн туршилтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Бенгалын буланд хийхээр төлөвлөж байна. Агни-5 пуужин нь сүүлийн 15 жилийн хугацаанд Энэтхэгт үйлдвэрлэж буй дунд болон алсын тусгалтай цуврал пуужингийн 5 дахь үе нь бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. Энэхүү пуужингийн тусгал 5000 км бөгөөд Мах-24 буюу дууны хурднаас 24 дахин хурдтай (28600 км/цаг) юм. Цаашид шумбагч онгоцноос харвах боломжтой болох ажээ. Уг пуужингийн харвах зайд Хятад улс бүтнээрээ, Солонгосын хойг, Европ, Африкийн хагас нь хамаарч буй юм.
Энэтхэгийн зүгээс дээрх пуужингийн туршилтыг хийх тухайд мэдэгдэж, тухайн бүсэд нислэггүй зурвас зарлаад байсан үед Хятадын тагнуулын “Юан Ванг 5” усан онгоц тухайн бүсэд орж ирсэн байна. Өнгөрсөн сард Энэтхэг улс пуужингийн туршилт хийхээ мөн мэдэгдээд байсан юм. Тухайн үед Хятадын “Юан Ванг 6” тагнуулын усан онгоц Энэтхэгийн далайн Бенгалын булангийн хэсэгт орж ирснээр Дели тухайн үед пуужингийн туршилтаа хойшлуулж байжээ. Түүнчлэн өнгөрсөн 8 дугаар сард тус онгоц Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт Шри Ланк улсын боомтод байрлаж байсан нь Энэтхэг, Шри Ланкийн харилцааг тодорхой хугацаанд хурцатгахад хүргэж байжээ.
Эх сурвалж:
Хятадын “Юан Ванг 5” тагнуулын усан онгоц өнгөрсөн 8 сард Шри-Ланк улсын боомтод зогсож байгаа нь. https://www.thehindu.com/news/national/chinese-spy-ship-yuan-wang-5-re-enters-indian-ocean/article66231546.ece