УИХ-ын дарга Г.Занданшатарын “Монголоо мандуулъя” аяны уриалга, ивээл дор УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалын байнгын хороо, Соён гэгээрүүлэгч телевиз хамтран “Нийгмийг соён гэгээрүүлэхэд монголын шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл, гарцууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Тус хурлын үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн доктор Э.Энхмаа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид онцгой үүрэгтэй. Эрдэмтэн мэргэд ямагт манлайлан нийгмийн оюун санааг гэгээрүүлж байх учиртай. Манай улс хүн амд ногдох эрдэмтдийн тоогоор дэлхийд дээгүүр ордог боловч шинжлэх ухааны хөгжил, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явц төдий чинээ түвшинд байж чадахгүй байна. Үүнийг сайжруулахын тулд шинжлэх ухаанд хандах хандлага, эрдэмтэн судлаачдыг бэлтгэдэг арга барилаа өөрчлөх цаг болсон. Улс орны болон салбарын өмнө тулгамдсан, яаралтай судалбал зохих асуудлуудыг судалгааны сэдэв болгон дэвшүүлж их, дээд сургуулийн магистрант, докторантуудаар судлуулдаг болох, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй судалгааны ажлуудыг бодлогоор нэгтгэн зангидаж, зохион байгуулалтад оруулах, их дээд сургуулийн багш нарын сургалтын цагийн ачааллыг багасгаж эрдэм судлалын ажил хийх боломж олгох шаардлагатай байгаа” юм гэлээ.