ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Евсиков Алексей Николаевичийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр томиллоо.
Евсиков Алексей Николаевич нь 1984 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО)-ийг төгссөн. Хятад, англи хэлтэй. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Нэгдүгээр зэргийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин зөвлөх.
Сургуулиа төгссөний дараа буюу 1984 оноос ОХУ-ын ГХЯ болон хилийн чанадад олон янзын албан тушаалд ажиллаж байжээ. Тухайлбал:
- 2004-2010 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх;
- 2010-2015 онд Азийн нэгдүгээр газрын дэд захирал;
- 2015-2019 онд БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консул.
- 2020 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.
Тэрээр “би бараг санамсаргүй байдлаар хятад хэл сурч эхэлсэн. Математикийн чиглэлийн сургуульд найман жил суралцаж байгаад “Вечерняя Москва” сонинд “Дорно дахины хэл заадаг” сургуулийн есдүгээр ангид хүүхэд элсүүлж байна гэсэн зарыг уншсан. Цэвэр сониуч зангаасаа болоод ярилцлагад орчхоод тэнцсэн хариу хүлээж авсан. Дорно дахины хэл нь хятад хэл байв. Тэр үед Москвад ийм хоёр сургууль байсан. Миний бүх амьдрал Хятадтай холбоотой байсан – эхлээд Бээжин дэх Элчин сайдын яаманд дадлага хийж, дараа нь Бээжингийн их сургуульд суралцсан, Хятад дахь Зөвлөлт, Оросын Элчин сайдын яаманд гурван жил ажилласан, одоо Шанхай дахь Ерөнхий консулаар ажиллаж байна. Хятадад хятад хэлгүйгээр ажиллах нь утгагүй. Дипломат хүний карьерт хэлний нөлөө их байдаг” хэмээн ярьсан байдаг.