Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлав. Айлчлалын үеэр Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээ хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцов.
Эх сурвалж: mid.ru
Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцов. Б.Батцэцэг сайдын “Бид Орос, Хятадын дунд оршдог нь аюулгүй байдлын баталгаа болдог” хэмээх үгийг оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв.
Оросын хэвлэл мэдээллээр онцолсон асуудлууд
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын РИА НОВОСТИ агентлагт өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад 2021 оны зургаадугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсны дараагаар гадаад бодлогын шинэ чиг баримжааг батламжлах бөгөөд тус баримт бичигт Орос улстай харилцаагаа хөгжүүлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарах болно. Мөн энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардын намын 100 жилийн ойтой давхцаж байна. Тус баярыг 7 сард тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийг урьсан билээ”. Мөн ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс элсэн орсноор тус байгууллагын ач холбогдол ихсэж байна. Монгол Улсын зүгээс ШХАБ-ыг Төв Азитай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж харж байна. Дээрх байгууллагын гишүүн улсуудын зүгээс манай улсыг ажиглагчийн байр сууриа ахиулан гишүүнчлэлд хамрагдах тухай санал байнга тавьдаг. Сүүлийн жилүүдэд манай судлаачдын зүгээс ШХАБ-ын баримт бичгийг судлаж үзэн нээлттэй хэлэлцүүлэг явуулсны үр дүнд манай улс одоогийн байр сууриа хадгалж байх нь зүйтэй хэмээн үзэж” байгаагаа илэрхийлэв.
Монгол, Орос хоёр орны харилцааны хувьд худалдаа эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа боловч ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж судалгааны ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд судалгаанд үндэслэн ЧХХ байгуулах эсэхийг шийднэ. Энэ жилдээ багтааж ЕАЭЗХ-той ЧХХ байгуулж амжихгүй болов уу хэмээн нэмж тэмдэглэв. Мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудын байгууллагад элсэх тухай асуултад “Аюулгүй байдлын тухайд Монгол Улсын ҮАБҮБ-д бусад орны зүгээс аюул занал учруулаагүй тохиолдолд аливаа цэрэг-улс төрийн эвсэлд нэгдэхгүй хэмээх заалтыг үндэслэн тайлбар өгөв.
Санкт-Петербургийн эдийн засгийн чуулган
Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх корпораци болон МУ-ын ЖДҮ-г дэмжих агентлаг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа тэр дундаа ЖДҮ эрхэлдэг аж ахуй нэгжийн худалдаа үйлчилгээ, экспортын бараа бүтээгдэхүүнийг солонгоруулах суурь буюу цаашилбал Монгол Улс ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах урьтал ажил боллоо хэмээн үзэж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албанд томилогдоод анхны айлчлалаа тэр тусмаа цар тахлын дэгдэлтийн үед ОХУ-д хийсэн явдал нь хоёр орны харилцааг тэргүүнд тавьж буй хэрэг хэмээн Оросын ГХ сайд С.Лавров цохон тэмдэглэж тус айлчлалын ач холбогдлыг тодотгов. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон айлчлал нь дараагийн шинэ ерөнхийлөгчийн уулзалтын тов, цаашдын хамтын ажиллагаа тэр дундаа хамтарсан болон гурван талт төсөл хөтөлбөрийн хэрэжилт зэрэг асуудлыг хэлэлцэж замын зургаа бататгасан зорилготой ажээ.
Цар тахлын дэгдэлтийн үе, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үе тохиосон хийгээд хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ой зэрэг онцлог үйл явдлууд давхцсан айлчлал боллоо. Айлчлалын үеэр Монгол Улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр орны боловсрол, соёл, хүмүүнлэг, эрчим хүч, гадаад худалдаа, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөн байр сууриа илэрхийлэв. Улс төрийн харилцаа дээд түвшинд хүрсэн боловч гадаад худалдаа бараа эргэлт харилцан адилгүй байгаад анхаарал хандуулан үр дүнтэй харилцан ашигтай хамтран ажиллах талаар мөн дурдав. Үүнтэй холбогдуулан ЕАЭЗХ-той ЧХХ байгуулах, МУ-ын ЖДҮ дэмжих агентлаг болон ОХУ-ын ЖДҮ хөгжүүлэх корпораци хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь манай хоёр орны хил орчмын хамтын ажиллагаа эдийн засагжих үйлсэд нэг алхам ойртов хэмээн үзэж байна.
Эх сурвалж: mid.ru