Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгутай албан ёсны уулзалт хийв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар Москва хотноо жил бүр зохион байгуулдаг бага хурал 2021 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болж дэлхийн 109 орны 700 орчим төлөөлөгч түүний дотор 55 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, ЗХЖШ-ын дарга нар оролцжээ. Бага хурлаар дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлын зарим тулгамдсан асуудлыг хэлэлцдэг уламжлалтай бөгөөд энэ удаагийн хурлаар мэдээллийн аюулгүй байдал, “Ойрын болон дунд тусгалын пуужин устгах тухай гэрээ”-ний үр дүн болон “Ковид-19” тэмцэхэд цэргийнхний үүрэг, оролцоо гэсэн асуудлуудыг голлон авч хэлэлцсэн байна.

Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд гадаад улс орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэсэгт хүчний жанжин штабын дарга нар болон НҮБ, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын аюулгүй байдлын судалгааны байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцжээ. Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников нар үндсэн илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын зарим асуудлаар ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ.

Бага хурлын хүрээнд “Стратегийн тогтвортой байдал: өөрчлөлт, хэтийн төлөв”, “Дэлхийн улс төрийн хүрээн дэх Ази-Номхон далайн бүс нутаг”, “Шинэ төрлийн коронавирус “Ковид-19”-тэй тэмцэхэд цэргийн байгууллагуудын үүрэг, оролцоо”, “Африк, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл болох нь”, “Латин Америк болон бөмбөрцөгийн баруун хагаст тулгарч буй зарим сорилтуудыг шийдвэрлэх хэрэгсэл нь цэргийн харилцан ажиллагаа болох нь”, “Европын аюулгүй байдлын чиг хандлага, хэтийн төлөв” гэсэн асуудлаар хэлэлцүүлэг явуулсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал Александр Фомин бага хурлыг дүгнэхдээ, стратегийн тогтвортой байдал, үй олноор хөнөөх зэвсгийн хяналтгүй тархах эрсдэл, кибер аюулгүй байдлын асуудал зэрэг даян дэлхийн аюулгүй байдалд тулгамдсан асуудлаар олон улсын цэргийн удирдлага, цэргийн судлаачид санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолсон байна1. Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хурлын зохион байгуулалт, горим, хэлэлцсэн асуудалд “Ковид-19” цар тахлын тархалт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч төсөөлж байснаас харьцангуй олон орны төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавилаа.

Москвагийн бага хурлын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, харилцаагаа цаашид хөгжүүлэх төлөвлөгөө, ойрын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Хоёр орны батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай, цаашид улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.

Дашрамд дурдахад хоёр орны батлан хамгаалах салбарын уламжлалт харилцаа жилээс жилд өргөжин тэлж, ОХУ-ын цэргийн бүх шатны сургууль, академид олон арван монголчууд суралцаж байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын БХЯ хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээжлэн Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр зохион байгуулж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн наадам”-ын хүрээнд “Аравт” морин цэргийн уралдааныг манай улсад явуулах болсон билээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Москвагийн бага хурлын хүрээнд ОХУ-д айлчилсан нь түүний энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш гадаадад хийж буй анхны айлчлал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай хийсэн анхны уулзалт байсан гэдгээрээ онцлогтой байлаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай хийсэн энэ удаагийн уулзалт нь хэдийгээр Москвагийн бага хурлын хүрээнд болсон ч хамтын ажиллагааны бодлого, чиглэл хэвээр байгааг харилцан нотолсон, дараа дараагийн албан ёсны айлчлалаар шийдвэрлэх асуудлуудын эхлэлийг тавьсан чухал арга хэмжээ боллоо.

Эх сурвалж:

https://mil.ru/ Заместитель Министра обороны России генерал-полковник Александр Фомин подвел итоги IX Московской конференции по междунарадной безопасности

Similar Posts