Монгол улс өдгөө дэлхийн улс орнуудаас хорт хавдрын өвчлөл хамгийн ихтэйд тооцогдож, түүний дотор элэг, ходоодны хорт хавдар хамгийн их байгаа нь хоол хүнсний асуудал ихээхэн тулгамдаж байгааг харуулж байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл хот хөдөөд ялгаагүй өсөх хандлагатай, нийслэлд бүр их өссөн, 9-өөс 10 хүн тутмын нэг нь хоол боловсруулах тогтолцооны өвчтэй байна. Аймаг, орон нутагтай харьцуулбал нийслэлийн хүн амын хүнсний хэрэглээний сагсанд импортын хоол хүнс харьцангуй их байгаа бөгөөд энэ нь өвчлөл ихсэх шалтгаан болж байх магадлал өндөр. Монгол Улсын хилийн 26 боомтын 22-оор жилд ойролцоогоор 270 000 тонн хүнс импортолдог. Энэ нь нэг Монгол хүн жилд дунджаар 90 кг импортын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. Стратеги судалгааны хүрээлэнгийн Нийгэм, төрийн судалгааны секторын 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн “Хүнсний импортын хяналтыг сайжруулах нь” бодлогын судалгааны үр дүнг товчлон толилуулбал:

  1. Импортын хяналт шалгалтын тогтолцоо сул, дутмаг байгаагаас хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Энэ ньимпортын хүнсний чанарын хяналтын шинжлэх, тайлагнах, мэдээлэх тогтолцоо огт бүрдээгүйтэй холбоотой. Тухайлбал:
    1. Импортын барааг эрсдлийн 3 зэрэгт ангилан хянадаг тогтолцоо нь хяналтыг саармагжуулж, чанаргүй хүнс хилээр нэвтрэх цоорхой үүсгэж байна.
      • Импортолж буй хүнсний бүтээгдэхүүний ангиллын зэрэг тодорхойгүй, шалгах болон тайлагнах арга тодорхойгүйгээс импортын хүнсний аюулгүй байдал бүхэлдээ хөндлөнгөөс хянах боломжгүй, гаалийн байгууллагын дотоод асуудал төдий болон хувирч байна.
      • Хүнсний импортыг эрсдлийн ангиллаар, бүтээгдэхүүн нэг бүрээр тайлагнадаггүй, бүтээгдэхүүний бүлгээр нэгтгэж тайлагнадаг. Бүлэг дотор байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нарийн мэдэх боломжгүй.
      • Хилийн боомт бүр өөр өөр байдлаар (17 ба 29 нэр төрөл) тайлагнадаг, аль хилийн боомтоор ямар төрлийн бүтээгдэхүүн орж ирж байгаагаас аль нь ямар эрсдэлтэйг хянах боломжгүй.
      • Эрсдлийн ангиллыг дахин нарийвчилж, хатуу мөрдөх шаардлагатай. Эрсдэл үүссэн эсвэл илэрсэн нөхцөлд эрсдлийн ангиллыг ахиулах журам байхгүй.
    2. Хилээр импортолж буй хүнсний бүтээгдэхүүн шалгалтад бүрэн хамрагдахгүй байна.
      • Хүнсний нийт 773 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 318 (41,1%) нь лабораторид огт шинжлэгдэхгүй байна. Үүнд бага эрсдэлтэй 92, дунд эрсдэлтэй 226 хүнсний бараа ордог.
      • Бага эрсдэлтэй бүтээгдэхүүнээс ганцхан удаа дээж авч зөвшөөрөл олгоод дараа нь шинжлэхгүйгээр шууд хилээр нэвтрүүлдэг.
      • Дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнээс импортын зөвшөөрөл авахад нэг удаа төлөөлөх дээжээс шинжилгээ авдаг боловч үүнээс хойшхи хугацаанд лабораторийн шинжилгээ шаарддаггүй.
  2. Импортын хүнсний хяналтыг гүйцэтгэх лабораторийн чадавх сул, хүрэлцээгүйгээс импортын хүнсний аюулгүй байдлыг хянаж чадахгүй байна.
    1. Эрүүл мэндэд нэн аюултай химийн болон цацраг идэвхт бодис, пестицидийг шуурхай шинжлэх чадавх хил гааль дээр бүрдээгүй байна.
    2. Их эрсдэлтэй 455 (58,9 хувь) хүнсний бүтээгдэхүүнийг импортлох бүрт лабораторийн шинжилгээ хийдэг боловч аюулгүйн үзүүлэлтүүдийг үндэсний стандартад заасны дагуу бүрэн шинжилж чадахгүй байна. 
      1. Улсад ганцхан байгаа Хан-Уул дүүрэгт байршилтай, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь материаллаг бааз, хүний  нөөцтэй хэдий ч тоног төхөөрөмж, урвалж бодисын дутмагаас хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүдийг бүрэн шинжилдэггүй. Пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг үндэсний стандартад заасан шинжилбэл зохих үзүүлэлт, тоо хэмжээний дөнгөж 13,6 хувьтай тэнцэх түвшинд хийж байна.Хүнсний гол нэрийн 7 төрлийн 66 бүтээгдэхүүнд шинжилбэл зохих пестицидийн 55,0-96,4 хувийг огт шинжилж чадахгүй байгаа явдал бол хүн амыг пестицидийн үлдэгдэл бүхий импортын хүнсээр “шуудхан хорлож” байгаагаас өөрцгүй. Монгол Улсын үндэсний стандартад хүнсний бүтээгдэхүүнд нийт 963 пестицидийн үлдэгдэл шинжлэхээр заасан байхад давхардсан тоогоор 131, бодит тоогоор хамгийн ихдээ 20 төрлийн пестицидийг шинжилж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм . Хүнд металлын агууламжийг бүрэн шинжилж чадахгүй, цацраг идэвхт бодисоос Стронцийг шинжлэхгүй байна.

Замын-Үүд, Алтанбулаг боомт дахь хүнсний шинжилгээний лабораториудын хүчин чадал маш сул, импортын хүнсийг бүрэн шинжлэх чадавх бүрдээгүй байна. Эдгээр боомтын лаборатори аливаа үзүүлэлтийг тодорхой интервал, тоон үзүүлэлтээр биш, байгаа эсэхийг илрүүлэх төдий чанарын аргаар шинжилдэг.

Монгол Улсад “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” зэрэг хүнсний суурь хуулиуд хэрэгжиж байгаа хэдий ч хүнсний бүтээгдэхүүний химийн аюулгүйн үзүүлэлтүүд огт хуульчлагдаагүй байна.

Анх үйлдвэрлэгдсэнээс өөр гарал үүсэл бүхий хуурамч бүтээгдэхүүн, түүний дотор хуурамч архи, вино, спиртийн төрлийн ундаа болон бага, дунд эрсдэлтэй ангилалд багтсан хуурамч бүтээгдэхүүн хилээр орж ирэхийг хязгаарлах, шалгалтыг чангатгах шаардлагатай байна.

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиар (5.1.2. заалт) хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хариуцах үүргийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүлээлгэсэн нь импортолсон бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг “ноцтой асуудал” үүссэн тохиолдолд л хариуцлага яригдах “цоорхой” бий болгосон.

Ашигласан эх сурвалж

  1. Стратеги судалгааны хүрээлэнгийн нийгэм төрийн судалгааны сектороос гүйцэтгэсэн “Хүнсний импортын хяналтыг сайжруулах нь” 2018 он
  2. Э.Энхмаа. Монгол Улсын нийт хүн амын өвчлөлийн хорин нэгэн жилийн тархалтад хийсэн судалгаа. УБ., 2017.
  3. Засгийн Газрын 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоол

Similar Posts