2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 126811, нас баралт 629, нэг сая хүнд ногдох өвчлөл 38065, нас баралт 189 байна. Монгол Улсад хоногт илэрсэн халдварын тоо 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 1000 давж байгаад 5 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 1000 тохиолдлоос доош орж ирсэн. Гэвч 6 дугаар сарын 2-ны өдрөөс эргээд өсөж (1143), 6 дугаар сарын 13-ны өдөр 2188 тохиолдол илэрснээс хойш хоногт илрэх халдварын тоо 2000-аас буурахгүй байна. Нийт нас баралт 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 3 сарын 31 хүртэл 5 тохиолдол байсан бол гурван сарын хугацаанд эрчимтэй нэмэгдсээр 6 дугаар сарын 30 гэхэд 548-д хүрлээ. Вакцины 2 тун хийлгэсэн иргэд ч халдварт өртсөөр байгаа нь нийт хүн амын дархлаа сул, суурь эрүүл мэнд дорой байгаагийн илрэл юм.

Энэхүү цар тахлын хамарч буй хүрээ, тархалтын хурд, үргэлжилж буй хугацаа, халдварлах зам болон эмнэл зүйн шинж тэмдгийн олон янз байдал зэрэг нь вирусийн шалтгаант аливаа халдварт өвчний тархвар зүйн нийтлэг онцлогоос ихээхэн өөр байгаатай холбогдуулан үүсгэгч вирусийн гарал үүслийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлэхэд өөрийн эрхгүй хүргэж байгаа юм. Иймээс олон улсын эрдэмтэн, судлаачид шинэ төрлийн коронавирусийн генийн мэдээлэл болох Рибонуклейн хүчил (РНХ)-ийн дараалал, түүний хувьсал (мутаци) өөрчлөлтийг нарийвчлан судалж байна. Дэлхий дахинд одоогийн байдлаар SARS-CoV-2 вирусийн a, b, g, d гэсэн дөрвөн төрлийн шугаман мутацид онцгой анхаарч, ХБНГУ гэх мэт олон улс орон дотооддоо эдгээр мутаци тус бүр хэдэн хувийн тархалттай байгааг бүрэн хянадаг болсон. Тодорхой мутацид тохирсон вакцин үйлдвэрлэж эхэлсэн ба мутаци өвөрмөц эмчилгээ ч хөгжиж байна. Халдвар үүсгэгч вирусийн давамгайлж буй дэд хэв шинжийг тогтоох нь үр дүнтэй вакцинжуулалт хийх, хатуу хөл хорио тогтоох эсэх, мөн аль улсад хилээ нээх, хаах зэрэг асуудлыг шийдэхэд чухал үндэслэл болдог учиртай. Харин Монгол Улсад SARS-CoV-2 вирусийн чухам ямар дэд хэв шинж илүү тархаад буйг өнөөг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна.

Ковид-19 цар тахлын дэлхий дахины хөнөөлт үр дагавар асар их, мөн үүнийг биотеррор үйл ажиллагаа хэмээн үзэх хардлага түгээмэл байгаагаас үүдэн улс орнууд биоаюулгүй байдал, биохамгааллын асуудлаа өндөр дээд түвшинд, нухацтай авч хэлэлцэх зүй ёсны шаардлага үүсээд буй. Халдварт өвчин үүсгэгч бичил биетнийг аюулын зэрэглэлээр 4 ангилдаг бөгөөд эдгээр үүсгэгчтэй биоаюулгүйн III, IV зэрэглэлийн лабораторид ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсад биоаюулгүйн II зэрэглэлээс дээш түвшний лаборатори байхгүй нь үхлийн аюултай халдварт өвчний үед бид бэлэн биш, барьц алдах нэг том шалтгаан болж байгаа юм.


Ашигласан эх сурвалж

  1. Worldometers.info
  2. Тухайлбал, Moderna компани b, g мутацид зориулсан вакцин үйлдвэрлэж байна.
  3. ХДХВ/ДОХ, SARS, шувууны томуу болон томуугийн А (Н1N1)[1] хүрээний вирусийн халдвар, SARS-CoV-2 вирус, мөн манай оронд элбэг тохиолддог сүрьеэ, маш олон эмэнд дасалтай сүрьеэ, B, C, D вируст гепатит, ДОХ, тарваган тахал, боом, бруцеллез зэрэг өвчин үүсгэгч бичил биетнүүд аюулын зэрэглэлийн III, IV ангилал буюу аюултай, онцгой аюултай ангилалд ордог.
  4. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон гарын авлага

Similar Posts