Монгол Улсын хүн амын 2020 оны тооллогын дүн мэдээнд тойм шинжилгээ хийж үзвэл хүн ам зүйн хувьд онцгой анхаарал татсан дараах асуудал илэрч байна. Үүнд:
- Хүн амын өсөлт саарч, зогсонги байдалд орох хандлагатай байна. Хүн ам дахь төрөлтийн нийлбэр коэффициент (нэг эмэгтэй насан туршдаа төрүүлэх хүүхдийн тоо) 2010-2016 онд 2,4-өөс 3,1 болж өссөн бол 2017 оноос эхлэн буурч 2020 онд 2,9 болжээ.
- Хүн амын хүйсийн харьцаа алдагдаж байна. 0-4, 5-9, 10-14, 15-19, 20-24, 25-29 зэрэг насны зургаан бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байгаа бол 30-34 нас, түүнээс дээших насны бүх бүлэгт эрэгтэйчүүдийн тоо эрс цөөрч, эмэгтэйчүүд давамгайлж байна (Хүснэгт 1).
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо жилд 2000-3000-аар нэмэгдэж байна.
Хүснэгт 1. Хүн амын тоо, 2020 он (насны бүлэг, хүйсээр)
Хүн амын цэвэр өсөлтийг харгалзан засаг захиргааны нэгжүүдийн тэнцвэртэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийх нь зүй ёсны шаардлага юм. Стратеги судалгааны хүрээлэнгийн Нийгэм, төрийн судалгааны секторын 2020 онд хийж гүйцэтгэсэн судалгааны хүрээнд Монгол Улсын хүн амын цэвэр өсөлтийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор засаг захиргааны нэгж бүрийн хүн амын 2016-2019 оны цэвэр өсөлтийн коэффициентийг жил бүрээр болон 4 жилийн дунджаар тооцоолж, харьцуулсан шинжилгээ хийсэн.