Сүүлийн үед Зүүн Европын цэрэг-улс төрийн байдал эрс хурцдаж, 2022 оны эхээр ОХУ-АНУ, НАТО-ийн хооронд хэд хэдэн удаагийн уулзалт болсон ч нааштай үр дүнд хүрээгүй юм. Их Британи, АНУ Киевээс зарим дипломат ажилтнаа татаж, Оросууд өнөө маргаашгүй Украин руу довтлох гэж байгаа талаар дэлхий нийтийг талцуулсан мэдээллийн дайн эрчимтэй явагдаж байгаа ч асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх найдвар бүрэн алдраагүй байна.  

Хоёр Германыг 1990 онд нэгтгэх үед хуучин ЗХУ-д өгсөн  “НАТО-г зүүн зүгт тэлэхгүй байх амлалт” (албан ёсоор цаасан дээр буугаагүй энэ амлалтыг НАТО хүлээн зөвшөөрдөггүй ч Оросын тал батлахыг эрмэлздэг)-аасаа АНУ, НАТО буцаж социалист системд байсан Чех, Словак, Унгар, Румын, Польш, Югославийн бүрэлдэхүүнд байсан Хорват, Монтенегро, Хойд Македони болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурван орныг элсүүлж улмаар Украин, Гүржийг  элсүүлэх бодлого баримтлах болсон нь Оросын гео стратегийн ашиг сонирхолтой шууд зөрчилдсөн юм.

Ялангуяа сүүлийн жилүүдэд Украиныг НАТО-ийн гишүүнээр элсүүлэх асуудал хүчтэй яригдаж, АНУ, НАТО-гийн зүгээс цэрэг, зэвсгийн тусламжаа эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ Украин алдагдсан газар нутгаа цэргийн хүчээр буцааж авах бэлтгэл хийх болсон нь Оросын эгдүүцлийг нэмэгдүүлж баруун хилийнхээ дагуу 100 мянга гаруй цэрэг оролцсон томоохон хэмжээний хээрийн сургууль хийж цэргийн хүчээ зузаатгаж эхэлсэн байдаг.

НАТО-ийн Зүүн Европт тэлэх үндсэн шалтгаан нь “Оросын аюул” бөгөөд үүнийг Крымийн үйл явдал бататгаж өгсөн. Оросын хувьд НАТО зүүн хилд нь тулж ирсэн нь аюулгүй байдал, гео стратегийн ашиг сонирхлоо хамгаалах үндсэн шалтгаан болж буй тул үүнийг ашиглан “Баруун” цэргийн тойргийн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн хоёрдугаар сарын 10-20-ны өдөр Белорусьт явуулах цэргийн хамтарсан хээрийн сургуульд оролцуулахаар С-400 систем, СУ-35 нисэх онгоцны эскадриль, дронтой тэмцэх чадвартай “Вебра” системүүдийг шилжүүлэн байрлуулсан нь цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгоод байна.

Украины тал Крым, Донецк, Луганскийг эргүүлэн авах цорын ганц арга зам нь өдгөө цэргийн хүч хэрэглэх явдал мөн боловч зэвсэгт мөргөлдөөнийг Украин, Оросын  зэвсэгт хүчний аль нэгний нэгтгэл ангийн  давшилтаар шууд эхэлж, хуурай замын цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явагдах магадлал бага юм. Харин өдөөн хатгагч болон  зориуд зохион байгуулсан террорист халдлага, эсвэл хэн нэгний “болгоомжгүй” тооцоолоогүй үйлдэл зэвсэгт мөргөлдөөн үүсэх шалтгаан болж болзошгүй.

Гео стратегийн амин чухал ач холбогдолтой Украин, Хар далайн бүс нутгийг НАТО-д алдахгүй байх гэсэн Кремлийн амбиц нь Украины газар нутгаа бүрэн бүтэн байлгах эрмэлзэл, өрнө зүгийн ардчилал, зах зээл рүү хандсан тэмүүлэл, түүнийг илт дэмжсэн барууны орнуудын хандлага болон НАТО-ийн тэлэлттэй тулгарснаас цэрэг-улс төрийн том хямрал Зүүн Европт үүсээд байгаа ч асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх найдвар бүрэн алдраагүй байна.

Similar Posts