Олон улсын Батлан хамгаалах, Засгийн газрын дэвшлийн хүрээлэнгээс “Хилийн Аюулгүй байдлын технологийн дээд хэмжээний хурал-Экспо”-г АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотод 2023 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хуралд тус хүрээлэнгийн ахлах шинжээч, хурандаа Б.Алтанхүү ХХЕГ-ын удирдлагын төлөөллийн хамт оролцлоо.
“Хурал-Экспо”-д АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг яам, Хилийн худалдаа, аюулгүй байдлын зөвлөл, Хил, Гаалийн газар, Хилийн Харуулын албаны удирдлага, АНУ, Мексикийн хил дэх Хилийн харуулын болон АНУ-ын эргийн харуулын секторын командлагч нар, Хилийн харуулын албаны академийн захирал, Хьестоны Хил, Худалдаа, Цагаачлалын хүрээлэнгийн захирал, Нийтийн аюулгүй байдлын яамны бүс нутаг хариуцсан захирал зэрэг төрийн удирдах албан тушаалтнууд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлд технологийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг гол гол компаниуд, тухайлбал, Экодайн (Echodyne), Сайк (SAIC), Сентрикс (Sentrycs), Трастстамп (TrustStamp), Дифенд Солюшн (De-Fend Solution), Kинетик (Qinetiq)-ээс хилийн аюулгүй байдлын чиглэлээр гаргасан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, асуулт, хариулт хэлэлцүүлгийг өрнүүллээ.
“Хурал-Экспо”-д дараах үндсэн сэдвийг хэлэлцжээ.
- АНУ-ын Хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй бодлогын үндсэн асуудлууд;
- Хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Агентлаг, байгууллагуудын хамтарсан ажиллагаа, зохицуулалт-Засгийн газрын хэмжээний цогц хандлага;
- Хилийн аюулгүй байдалд бий болж буй шинэ аюул занал, түүнтэй тэмцэх ажиллагаа;
- Газрын хилийн аюулгүй байдлыг хангахад үл хүрэлцэх замаар хянах технологийг ашиглах асуудал;
- Томоохон хилийн боомтууд дээр технологийг ашиглах асуудал;
- АНУ-ын Эргийн харуулаас хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаатай тэмцэж буй ажиллагаа;
- Үндэсний аюулгүй байдлын яамны хэмжээнд үр дүнтэй, сөрөн тэсвэрлэх чадавхтай ажиллах хүчнийг бэхжүүлэх асуудал- Хүн тэргүүн эгнээнд байх зарчим;
- Хилийн аюулгүй байдлыг агаараас болон далайгаас хангах ажиллагааны уялдаа холбоо;
- Мексикийн хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд;
- Хилийн болон дотоодын аюулгүй байдлыг хангахад санал болгож буй компаниудын технологийн шийдлүүд;
- Хууль сахиулах нөөцийн асуудал: Хамтын ажиллагаа, сургалт, удирдах албан тушаалтан;
- Хилийн аюулгүй байдлыг хангахад биометрикс буюу дахин давтагдашгүй өгөгдлийг ашиглах асуудлын ирээдүй;
- Үндэсний болон хилийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн технологийг хөгжүүлэх, ашиглах асуудал;
- Орон нутгийн хэмжээний Хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал.