Буриадын нутаг дэвсгэрт байрлах Байгал-Амурын гол шугам /БАМ/-ын Северомуйскийн төмөр замын хонгилд өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-нд дэлбэрэлт болж, шатахуун ачсан галт тэрэг шатсан хэрэг явдал гарлаа. Дэлбэрэлтэд  шатахуунтай гурван вагон өртөж,  нэг вагон шатаж, хонгилын 200 метр кабелийн шугам гэмтсэн байна.

Украины хэвлэлүүд галын шалтгааныг “дэлбэрэлт” гэж нэрлээд үүнийг Украины талын тусгай ажиллагааны үр дүн хэмээн мэдэгдэж байгаа бол Оросын хэвлэлүүд үүнийг “кабелийн сүлжээнд богино холболт үүссэн”-ээс үүдэлтэй хэмээн мэдэгджээ.

Гал гарсантай холбогдуулан ОХУ-ын Зүүн Сибирийн Тээврийн прокурорын газраас мөрдөн байцаалтыг эхлүүлж, хэрэг явдлын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. БАМ-ын Северомуйскийн хонгил бол Оросын хамгийн урт буюу 15 км урттай, 1977 оноос эхлэн 26 жил барьж, 2003 онд ашиглалтад оруулсан, Орос-Хятадыг холбосон төмөр замын хамгийн чухал стратегийн маршрут юм.

Similar Posts