Украины батлан хамгаалах асуудлаарх АНУ тэргүүтэй холбоо барих бүлгийн ээлжит уулзалт буюу Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын 11 дүгээр уулзалт Герман дахь Америкийн агаарын цэргийн хүчний Рамштейн баазад энэ сарын 21-нд болж, Украины агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, сум галт хэрэгсэлд түлхүү ач холбогдол өглөө.
Уулзалтад АНУ-ын Батлан хамгаалах сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли нар Рамштейн форматын нэг жилийн үр дүнгийн талаар, Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников фронт дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, дэмжигч орнууд өөрсдийн хандив тусламжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: https://mignews.com/news/politic/itogi-vstrechi-soyuznikov-ukrainy-ramshtajn-11.html
“Рамштейн-11” уулзалтаар холбоотнууд Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, танк, хуягт машин, галт хэрэгсэл үргэлжлүүлэн нийлүүлэх, Канад улс 29 сая ам.доллар өртөгтэй винтов, сум, радио станцуудыг шинээр худалдан авч хандивлах, АНУ 31 Абрамс танкуудаа таван сарын сүүлээр Германд авчирч, танкийн тоот болох Украины 250 цэргийн албан хаагчийг сургахаар болов. Улмаар Чех улс Украинд нийлүүлэх Т-72 танкийг шинэчлэх хөтөлбөрөө өргөжүүлэх, Польш улс Леопард-2 танкийн засвар үйлчилгээний төв байгуулах, Герман, Нидерланд улс мини илрүүлэгч, ар тал шатахууны машин техник нийлүүлэх, Латви улс зэвсэглэлд байгаа бүх Стингер пуужингаа Украинд бэлэглэх, мөн Украины 3000 цэргийг сургаж бэлтгэх амлалт үүргийг авлаа.
Рамштейн форматын анхны уулзалт энэхүү Рамштейн баазад одоогоос нэг жилийн өмнө дөрөвдүгээр сарын 26-нд болж байснаараа онцлог байв.