Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-аас “Хамтын ажиллагааны талаар санал бэлтгэх нь” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг “Хамтарсан штаб”-ын дарга, хурандаа генерал А.Сидоровын удирдлаган дор есдүгээр сарын 22-23-нд Москва дахь төв штабтаа явууллаа. Тус сургууль нь ХАБГБ-ын тогтолцооны хүч, хэрэгслийг Төв Азийн бүс нутагт дэлгэн байршуулах асуудлыг боловсруулах үндсэн зорилготой байв. Энэ зорилгын хүрээнд ХАБГБ-ын харилцан ажиллагаа, хамтын аюулгүй байдлын тогтолцооны хүч, хэрэгслийг бүрдүүлэх, бүс нутагт дэлгэн байршуулах шийдвэрийн төслийг боловсруулжээ.

Сургуулийн цагийн байдал нь ХАБГБ-ын гишүүн орнуудын аль нэг улсын тэргүүнээс бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, тус улсын нутаг дэвсгэрт халдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цэрэг, цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаар эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нэн тэргүүнд ХАБГБ-ын хямралын хариу арга хэмжээний төвийг Москвад дэлгэн байршуулж, “Хамтарсан штаб” болон ХАБГБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтнуудаас бүрдсэн чиг үүргийн бүлгүүдийг байгуулж, тус байгууллагын гишүүн орнуудын яам, агентлаг, газруудтай харилцан ажиллагааг зохион байгууллаа.

Сургуулийн эхний шатанд оролцогчид ХАБГБ-ын хариуцах бүс дэх цэрэг-улс төр, цэрэг-стратегийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, түүний цаашдын өрнөлийг урьдчилан таамаглаж, улс төр, дипломатын шинж чанартай нэн тэргүүнд авах арга хэмжээний талаарх саналуудыг  боловсрууллаа. Хоёрдугаар шатанд ХАБГБ-ын хамтарсан хүчний бүрэлдэхүүн, шуурхай дэлгэн байршуулалт, ашиглалт, гишүүн улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх талаарх саналуудыг бэлтгэж, үндэсний цэргийн бүрэлдэхүүн, нөхцөл байдлын талаар ажиллагааны бүлгүүдийн тайланг сонсож, цэргийн тусламж үзүүлэх үндсэн хэрэгцээг тодорхойллоо.

Хурандаа генерал А.Сидоров сургуулийг дүгнэж хэлэхдээ “Тус сургуулийн төлөвлөлтийг орчин үеийн сорилт, аюул занал, цэрэг-улс төрийн нөхцөл байдалд байлдааны ажиллагаа явуулахад зориулсан. Сургуульд тусгайлан бүтээгдсэн программ хангамжийг анх удаагаа туршсан нь чиг үүргийн бүлгүүдийн ажиллах цагийг хэмнэсэн, хямралыг зохицуулах төвийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгосон” гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Стратегийн команд штабын сургуулийн ач холбогдол нь Төв Азийн бүс нутагт хамтын аюулгүй байдлын тогтолцооны хүч, хэрэгслийг бүрдүүлэх, дэлгэн байршуулах тухай ХАБГБ-ын тогтолцооны байгууллагуудын шийдвэр, баримт бичгийг боловсруулсан явдал бөгөөд тэдгээрийг цаашдын хамтарсан хүчний оролцоотой цэргийн хээрийн сургуулиудад ашиглах төлөвтэй байна.

Энэхүү сургуулийг залгуулан ХАБГБ-ын шуурхай ажиллагааны хамтарсан хүчний цэргийн хээрийн сургууль Казахстанд есдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 8-нд өндөрлөнө. Хээрийн сургуульд оролцох  ХАБГБ-ын гишүүн орнуудын цэргийн ангиуд есдүгээр сарын 22-30-ны хооронд тус нутаг дэвсгэрт ирж байгаа бөгөөд цэргийн шилжилт хөдөлгөөнийг төмөр зам, агаарын тээвэр,  цэргийн дугуйт техник хэрэгслээр гүйцэтгэж байна.

Нэгдсэн сургуулиар “Харилцан ажиллагаа-2022”, “Эрэл-2022”, “Цувраа-2022” зэрэг шуурхай ажиллагааны хамтарсан хүчний гурван хэсэг арга хэмжээг боловсруулахаар төлөвлөж байна. Сургуулийн эдгээр арга хэмжээг Казахстаны Жамбыл, Алматы мужид явуулна. “Харилцан ажиллагаа-2022” арга хэмжээний үеэр ХАБГБ-ын Төв Азийн бүс нутаг дахь зэвсэгт мөргөлдөөнд хариу өгөх хамтарсан ажиллагааг зохион байгуулна. “Эрэл-2022” арга хэмжээний үеэр ХАБГБ-ын гишүүн орнуудын тагнуулын хамтарсан хүч хэрэгслээр тагнуулын ажлыг зохион байгуулж явуулах асуудлыг боловсруулна. Мөн “Цувраа-2022” нь ар тал ложистик хангалтыг зохион байгуулах арга хэмжээг боловсруулахаар тусгасан.

Дээрх гурван арга хэмжээний  явцад бие бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөний үеийн комендантын албыг зохион байгуулах, агаарын довтолгооноос хамгаалах, харилцан  дэмжлэг үзүүлэх асуудлыг давхар шийдвэрлэнэ.

Эх сурвалж https://odkb-csto.org/upload/iblock/87c/87cab63b841286ce5c47a03f7305ca46.JPG

Similar Posts