Өнгөрсөн долоо хоногт тохиосон Украины дайны олзлогсдын солилцоо, Донбасс болон бусад эзлэгдсэн нутаг дэвсгэр ОХУ-д нэгдэх тухай санал асуулга, Орост зарласан хэсэгчилсэн дайчилгаа, Хятадад төрийн эргэлт гарч болзошгүй гэх мэдээлэл, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Умард Солонгосын баллистик пуужингийн харвалт зэрэг үйл явдал олон улсын цэрэг-улс төрийн байдал улам хурцдаж байгааг илтгэж байна.
Украины дайны олзлогсдын солилцох хэлэлцээ оролцогч зуучлагч талуудын дунд олон сар үргэлжилсний эцэст хоёр талын цэргийн олзлогсдыг солилцох ажиллагааг энэ сарын 22-23-нд амжилттай явуулав. Үүнд Украины 215 (Азовын 100 гаруй хамгаалагчид, гадаадын 10 иргэн), Оросын 55 цэрэг (Оросын талыг баримтлагч улс төрч В.Медведчук)-ийг хамруулсан байна.
Олзлогсдыг солилцох хэлэлцээний гол зуучлагчаар Саудын Араб, Турк улс оролцсон бөгөөд Английн 5, АНУ-ын 2, Швед, Хорват, Мароккогийн тус бүр нэг иргэн, Оросын талыг баримтлагч томоохон улс төрч В.Медведчук, Украины Азовын хамгаалагчид, тэдний дотор таван ахлах офицер, гурван жирэмсэн эмэгтэй байсан нь олзлогсдыг солилцож, суллахад чухал түлхэц болжээ.
Орост зарласан хэсэгчилсэн дайчилгааны үндсэн шалтгаан нь цэргийн хүчний хохирол, хүний нөөцийн хомсдол бөгөөд дайнд Оросын 55 мянга орчим цэрэг амь үрэгдсэн гэж Украины тал мэдээлж байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Оросын 5937 цэрэг, Украины 61 мянган цэрэг алагдсан хэмээн өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ.
“ВВС” агентлагийн есдүгээр сарын 16-нд мэдээлснээр, Орос 6476 цэргийн албан хаагчаа алдаж, тэдгээрийн 301 нь дагестан, 267 буриад, 205 башкир үндэстэн байна гэсэн нь нэлээд үндэслэлтэй тоо баримт байж болох талтай байна.
Орост өдрийн болон эчнээ ангийн оюутан, батлан хамгаалах-аж үйлдвэрийн ажилчдыг дайчилгаанд хамруулахгүй байгаа бол Украинд удахгүй оюутнууд болон эмэгтэйчүүдийг цэрэгт татах төлөвтэй байна. Украины Дээд Рада 10 дугаар сарын 1-нээс эмэгтэйчүүдийг цэрэгт татах шийдвэрээ 11 дүгээр сарын 21 хүртэл түр сунгаад байна.
Донбасс болон бусад эзлэгдсэн нутаг дэвсгэр ОХУ-д нэгдэх тухай санал асуулга нь зохиомол, ямар ч үнэ цэнэгүй бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн барууны орнууд нэгэн зэрэг мэдэгдэж байгаа ч тус санал асуулгыг 2014 онд Крымийг Орост нэгтгэсэн хувилбараар ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн явуулж, үр дүнг ОХУ-ын Ерөнхийлөгч батламжлах, Төрийн Думаар хэлэлцэх зэрэг процедурын асуудлыг ирэх сард эцэслэн шийдэх төлөвтэй байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Украины Ерөнхийлөгч В.Зеленский олон улсын хамтын нийгэмлэгт хандан цахимаар үг хэлэхдээ, Оросын “дайн хийх эрх”-ийг хасах, хориг тавих, олон улсын шүүх байгуулах, нөхөн төлбөрийн олон улсын механизмыг бий болгохыг уриаллаа.
Мөн Оросын армийн хяналтад байгаа Украины нутаг дэвсгэрт ОХУ-д нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг явуулж байгаатай холбогдуулан Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргалаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украины дайн, хүнсний хямрал, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хүний эрх, ардчилал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар үг хэллээ. Ж.Байден Оросыг тусгаар улсын нутаг дэвсгэрт халдсан хэмээн буруутгаж, НҮБ-ын дүрмийг үндэслэн Украиныг хамгаалахыг бүх улс оронд уриаллаа.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “нэг Хятадын бодлого”, Тайванийн салан тусгаарлагчдын эсрэг тэмцэл, Украины асуудлын талаар өөрийн улсын байр суурийг илэрхийллээ. Ван И хэлэхдээ, “Хятад улс Тайванийг энх тайвнаар нэгтгэхийн тулд Тайванийн салан тусгаарлагчидтай шийдэмгий тэмцэж, гадны хөндлөнгийн оролцоог таслан зогсооно. Хятад улсыг бүрэн нэгтгэсний дараа л Тайванийн хоолойд урт хугацааны энх тайван тогтоох боломжтой. Украины мөргөлдөөнийг бүх талын эрх ашгийг харгалзан энхийн замаар шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдлээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров чуулган дээр “Дэлхийн нэг туйлт загвар түүх болон үлдэж байгааг дурдаад барууны орнуудад Оросын эсрэг үзэл суртал урьд өмнө байгаагүй, бүдүүлэг хэмжээнд хүрч байна” хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн Ням гарагийн өглөө 07:00 цагт Умард Солонгосын харвасан баллистик пуужин 60 км-ийн өндөрт 600 км аялж, Япон тэнгисийн усанд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна орон зайд унажээ.
Энэхүү баллистик пуужингийн туршилт нь АНУ-ын Цөмийн хөдөлгүүртэй USS Ronald Reagan нисэх онгоц тээгч хөлөг онгоц Өмнөд Солонгостой хийх хамтарсан сургуулилалтад оролцохоор өнгөрсөн Баасан гарагт Пусан боомт хотод ирсэн болон цэргийн сургуулилалтын дараагаар тус улсад хийх АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрисын айлчлалын өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд нэг талаас тэдгээрт өгч буй сануулга, анхааруулга гэж үзэж болно.
Японы засгийн газраас “Пхеньяны пуужингийн туршилтыг эрс буруушааж, Умардын эсрэг холбоотнуудтайгаа улам нягт хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэж, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Умард Солонгосын талд хатуу эсэргүүцлээ илэрхийллээ.
“Умард Солонгос баллистик пуужин хөөргөсөн нь Солонгосын хойг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй өдөөн хатгасан үйлдэл” хэмээн Өмнөд Солонгосын цэргийн штабын дарга нар мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, “Умард Солонгос пуужин хөөргөх нь АНУ-ын бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй ч Умардын хууль бус цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрүүд нь тогтворгүй байдлыг бий болгож байна. АНУ-ын БНСУ болон Япон улсыг хамгаалах үүрэг нь хөдөлшгүй хэвээр байна” хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: https://www.gazeta.ru/army/news/2022/09/25/18643861.shtml
https://ru.diez.md/2022/09/21/shoygu-poteri-rossiyskoy-armii-5937-chelovek-poteri-ukrainy-61-tys-chelovek/ (2022.09.21) Шойгу: Оросын 5937 цэрэг, Украины 61 мянган цэрэг алагдсан.
https://www.bbc.com/russian/features-62924832 (2022.09.16) Оросын цэргийн хохирол.