Израилын нисэгчгүй онгоцнууд Ираны хэд хэдэн цэргийн болон энгийн объектуудад цэргийн цохилтыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд өглөө. Тухайлбал, Ираны Исфахан хотын ойролцоох цэргийн зэвсгийн үйлдвэр руу Израилын гурван нисэгчгүй онгоцоор довтолсон талаар Ираны Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.
Мөн Ираны Зүүн Азербайжан мужийн Шахид Салими хотод хөдөлгүүрийн тосны томоохон үйлдвэр шатсан, баруун хэсгийн Дизфул хотын агаарын баазад дэлбэрэлт болсон, тус улсын баруун хэсэгт орших Хамадан хот, хойд хэсэгт орших Рашт хотод дэлбэрэлт болж гал гарсан тухай Ираны IRNA, Tasnim агентлагууд мэдээлж байна. Улмаар Ираны нийслэл Техран хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдож, нийслэлийн дээгүүр сөнөөгч онгоцнууд хөөрсөн талаар нутгийн оршин суугчид мэдээлж байна.
Ираны талын мэдээлснээр “Одоогоор хохирогч, шархадсан хүмүүс байхгүй, Исфахан мужийн цэргийн зэвсгийн үйлдвэрийн дээвэр бага зэрэг гэмтсэн” гэж байна. Харин Израилын Jerusalem Post сонин “Иранд өгсөн цэргийн цохилт туйлын амжилттай болсон” хэмээн мэдээлж байна.
Иранд өгсөн цохилтоос хэдхэн цагийн өмнө Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Терроризмтой тэмцэхийн тулд нэн даруй хэд хэдэн алхам хийнэ” хэмээн мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 27-нд Израилын нийслэл Йерусалим хотод томоохон террорист халдлага болж долоон хүний амь эрсдэж, гурван хүн шархадсан үйлдэлд Ираныг буруутгаж байгаа нь дээрх цохилтын нэг шалтгаан байж магадгүй юм.
Гэвч Израилын Гадаад хэргийн яам Ираны цэргийн болон энгийн объектуудад нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн талаар ямар нэгэн тайлбар, мэдээлэл одоогоор хийгээгүй байна.