Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтаар барууны орнууд Украины зэвсэгт хүчинд давшилтын зэвсэг болох танкийг нийлүүлж эхэлсэн бол сүүлийн өдрүүдэд байлдааны нисэх онгоц илгээх талаар ярилцаж эхэллээ.
Украины талаас барууны орнуудаас эхний ээлжид 24 нэгж сөнөөгч онгоц авах хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд Франц, Польш улсын эрх баригчид Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “НАТО-гийн орнууд зөвшилцөн холбогдох шийдвэр гаргавал Польш улс F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжтой” хэмээн нэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч, Нидерландын Ерөнхий сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурлыг хийж “Украинд байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг зарчмын хувьд үгүйсгэхгүй” гэдгээ илэрхийллээ.
Үүний зэрэгцээ Францын Батлан хамгаалахын сайдын туслах Сабастиен Лекорну “Украины нисгэгчдийг Францын сөнөөгч онгоцонд сургах тухай Киевийн хүсэлтийг Парис хэлэлцэж байна” хэмээн мэдэгдэж байна.
Германы канцлер Олаф Шольц Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх асуудалд шүүмжлэлтэй хандаж, татгалзсан байр суурь илэрхийлж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоогоор “үгүй” гэж байгаа боловч алсдаа нийлүүлж магадгүй юм. Учир нь, АНУ-д жагсаалаас гаргахаар төлөвлөж буй 47 нэгж F-16, мөн 48 нэгж F-15 сөнөөгч байгаа төдийгүй АНУ-ын Конгресс Украины нисгэгчдийг Америкийн сөнөөгч онгоцонд сургах хөтөлбөрийн санхүүжилтийг өнгөрсөн жил баталж, 100 сая ам.долларыг 2023 онд төсөвлөсөн болно.
Зэвсэглэлд 1970-аад оны сүүлээр орж эхэлсэн F-16 сөнөөгч онгоцыг одоогоор дэлхийн 25 орны нисэх хүчин ашиглаж байгаа ч цаашид зэвсэглэлээс гаргах, шинэчлэх, худалдах, шилжүүлэх бодлогыг зарим улс орон баримталж байгаа нь Украинд давхар боломжийг олгож байна. Тухайлбал, АНУ-ын жагсаалаас хасагдах F-16, F-15 онгоц Украины 3-4 эскадрилийг бүрэн хангах боломжтой.
Норвег улс F-35A онгоцоор цэргийн нисэх хүчнээ шинэчилж байгаатай холбогдуулан 2021 онд бүх F-16 онгоцоо худалдсан бөгөөд Украинд энэ хэлбэрээр бусад орноос сөнөөгч онгоцыг нийлүүлэх боломжтой.