Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ сарын 21-ний өдөр Орос-Украины дайн эхэлснээс хойш анх удаа хилийн чандад дайны үеийн айлчлал хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзаж, Конгрессын хоёр танхимын нэгдсэн[1] хуралдаанд үг хэлж, хоёр талын бусад уулзалтыг хийлээ.
Айлчлал цаг хугацааны хувьд ирэх оны нэгдүгээр сарын 3-наас АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан олонх болох[2], одоогоор Украинд тусламжаар олгоод байгаа 50 орчим тэрбум ам.доллар дээр нэмээд 45 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засгийн яаралтай тусламжийн асуудлыг Ж.Байдены захиргаанаас Конгресст өргөн барьж хэлэлцэх гэж байгаатай таарч байгаа юм. Түүнчлэн тус улсын Сенат айлчлалаас нэг өдрийн өмнө АНУ-аас ОХУ-д суух элчин сайдаар Л.Трэйси[3]-г томилохыг дийлэнх олонхын саналаар дэмжиж баталгаажуулаад байлаа.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Конгресст “ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд тусалсан олон тэрбум ам долларын тусламж бол өглөг биш дэлхийн аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт. Энэ тулаан бол зөвхөн Украинчууд эсхүл Оросын эзлэх гэж оролдож буй аль нэг улсын иргэдийн амь амьдрал, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө асуудал биш. Энэ бол та бидний үр хүүхэд, ач зээ ямар дэлхийд амьдрах гэж байгааг тодорхойлох асуудал” гэж хэлээд нэмэлт тусламж хүссэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхимуудын нэгдсэн цуглаанд үг хэлэв. (2022.12.21)
Мөн тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс Бүгд найрамдах намынхан Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж байгаа ч Украиныг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.
Хоёр Ерөнхийлөгч 2 цаг 30 минутын хугацаанд уулзсан бөгөөд Ж.Байден Украинд туслах чиглэлд өөрийн эрх хэмжээний хүрээнд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн. Энэ уулзалт нь Орос-Украины дайн эхэлснээс хойш 300 дахь өдөр тохиож байгаа бөгөөд цаашдын 300 хоногт яах тухай болон дайн дуусахад Украин ямар байр суурин дээр байх вэ гэдэг асуудал ярианы нэг сэдэв байлаа. В.Зеленский “Ерөнхийлөгчийн хувьд энх тайвныг хүсэж байна. Гэхдээ Украины нутаг дэвсгэр, тусгаар тогтнолд буулт хийх замаар энх тайвныг тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бол Ж.Байден “”дайныг хэрхэн дуусгах шийдвэр гаргах нь Ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэх асуудал” гэсэн байна.
Энэ айлчлал нь Америкийн ард түмэн, удирдагчдад, Украины ард түмэнд, дээр нь Оросын Ерөнхийлөгч В.Путинд чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна. Дайны байдалд байгаа болон түүнд хамгийн их дэмжлэг үзүүлж буй хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалт нь 1. Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх шаардлагатайг Америкчуудад ойлгуулах, 2. Украинчуудад итгэл үнэмшилтэй, шантрахгүй байх шалтгаан байгаа гэдгийг харуулах, 3. Украин буулт хийхгүй цаашид тэмцэнэ гэдгийг В.Путинд нотлоход чиглэсэн гэжээ.
Түүний айлчлалын өмнөх өдөр АНУ-ын Төрийн департментаас Украинд 2 тэрбум ам.долларын нэмэлт аюулгүй байдлын тусламжийг олгохоо мэдэгдсэн. Энэ тусламж нь 1. Агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, 2. артиллерийн систем, 3. Танк болон бусад хуягт тээврийн хэрэгсэл, 4. Сум галт хэрэгсэл олгох гэсэн дөрвөн зүйлд хуваагдах бөгөөд Украины зүгээс удаан хугацаагаар хүсэлт гаргаад байсан агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэд Патриот систем энэ тусламжид багтсан. Одоогоор Украинд 50 гаруй улсаас 2000 гаруй танк, хуягт хэрэгсэл, 800 гаруй артиллерийн систем, 2 сая гаруй артиллерийн сум, хэрэгсэл, 50 пуужингийн харвах хэрэгсэл өгсөн байна.
В.Зеленскийг нутагтаа буцсаны маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Сенат Украинд 2023 онд 45 тэрбум ам.долларын тусламж өгөх хуулийг баталсан байна.
[1] Конгрессын Сенатын танхим 100, Төлөөлөгчдийн танхим 435, хоёр танхим нийлээд 535 гишүүнтэй.
[2] Өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 335 суудлын 222-д ялалт (213 Ардчилсан нам) байгуулж олонх болсон. Бүгд найрамдах намын зарим гишүүд Украинд олгож буй мөнгөн тусламжид эргэлзэнгүй хандаж буй.
[3] Л.Трэйси нь одоогоор АНУ-аас Армен улсад суугаа Элчин сайд бөгөөд мэргэжлийн дипломатч. ОХУ-д суух анхны эмэгтэй элчин сайд болж байна. Тэрээр орос хэлтэй бөгөөд 2014-2017 онд Москвад Элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Цаашид барууны хориг арга хэмжээг хатууруулах чиглэлд хоёр талын харилцааг чиглүүлэх хандлагатай гэж үздэг.