ОХУ-ын Эрхүү мужийн нутагт, Байгаль нуураас баруун хойд зүгт Ковыктинскийн шатдаг хийн томоохон орд байрладаг. Уг орд газрыг олон жилийн өмнөөс олборлолтод бэлтгэж эхэлсэн.

ОХУ-ын Саха улсын нутагт, Байгаль нуураас умард зүгт орших Чаяндинскийн шатдаг хийн ордыг ашиглан, тус ордоос БНХАУ-тай хиллэдэг Благовещенск хот хүртэл 2,900 гаруй км урт үргэлжлэх шатдаг хийн “Сила Сибири” хоолойг 2019 онд ашиглалтад оруулсан.

Уг дамжуулах хоолойгоор БНХАУ-д жилдээ 10 гаруй сая кубметр шатдаг хийг нийлүүлж ирсэн билээ. 2021 оны байдлаар “Сила Сибири” хоолойгоор 10.39 сая кубметр шатдаг хийг дамжуулсан. Ковыктинскийн орд газрын нөөцийг 1.8 их наяд кубметр шатдаг хийн нөөцтэй гэж тогтоожээ.

Газпром компани энэ удаад Ковыктинскийн ордоос Чаяндинскийн шатдаг хийн орд хүртэл хий дамжуулах хоолойг барьж, энэ сарын 21-ний өдөр ашиглалтад бүрэн орууллаа. Энэхүү хоолойг ашиглалтад оруулснаар Ковыктинскийн орд газрын шатдаг хийг Сила Сибири хоолойгоор дамжуулан БНХАУ-д экспортолж эхэлжээ.

Ийнхүү томоохон шатдаг хийн хоёр ордыг холбосноор “Сила Сибири” хоолойгоор дамжуулан БНХАУ-д экспортлох шатдаг хийн экспортыг 2023 онд 22.0 тэрбум кубметрт хүргэхээр төлөвлөж байна.

Энэхүү шатдаг хийн хоолойг ашиглалтад оруулах, экспортлох ёслолын үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ажлын өрөөнөөсөө цахимаар оролцож үг хэлжээ.

Similar Posts