АНУ-ын Батлан хамгаалах яамнаас БНХАУ-ын аюулгүй байдал, цэргийн хүчний хөгжлийн 2022 оны тайланг энэ сарын 29-ны өдөр нийтэд гаргасан байна.
Энэ удаагийн тайлан цаг хугацааны хувьд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын стратеги 10 дугаар сарын 12-нд, Үндэсний Батлан хамгаалах стратеги, Пуужингийн довтолгооноос хамгаалах болон Цөмийн зэвсгийн номлол зэрэг баримт бичгийг 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус баталсан, БНХАУ-ыг “манай үндэсний аюулгүй байдалд болон чөлөөт, нээлттэй олон улсын тогтолцоонд хамгийн тодорхой, цогц сорилт мөн” гэж тодорхойлсны дараа гарч буйгаараа онцлог болж байна.
АНУ-ын Батлан хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн талаарх хуульд заасны дагуу 2000 оноос эхлэн тус улсын Батлан хамгаалах яамнаас жил тутам БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах хүчин, ХАЧА-гийн стратеги, хүчний талаар тайлан гаргаж тус улсын Конгресст танилцуулах болсон.
Хятадын цэргийн хүчний тайлан (ХЦХТ) гэж товчоор нэрлэх энэхүү албан ёсны баримт бичиг нь Хятадын цэргийн салбар, улам бүр хүчирхэгжиж буй БНХАУ-аас АНУ-ын зэвсэгт хүчинд тулгарч буй сорилтуудыг, түүний дотор Хятадын зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, стратеги, дэвшил, ХАЧА-гийн ирээдүйн дайны үзэл, номлолын талаар өргөн хэмжээнд тусгасан байна.
2022 оны уг тайлан хэвлэгдэн гарахаас өмнө АНУ-ын БХЯ-ны дээд түвшний албан тушаалтан “Хятад улсын санаа, зорилго улам бүр тодорхой болж буй энэ үед ХАЧА-гийн шинэчлэлийн ерөнхий хандлага, ХАЧА дайныг хэрхэн хардаг, тэдний өнөөгийн үйл ажиллагаа, шинэчилж буй чадавх, цэргийн ирээдүйн шинэчлэлийн зорилтуудыг ойлгох нь чухал” гэж мэдэгдсэн байна.
2049 онд үндэсний их цэцэглэлтэд хүрэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгэм, цэрэг, аюулгүй байдлын салбарын хөгжлүүд нь нягт уялдаатай, харилцан бие биеэ баталгаажуулсан, том зорилгыг нь дэмжсэн байх ёстой гэсэн Хятадын стратеги хэрэгжих учраас уг тайлан Хятадын цэргийн шинэчлэл, батлан хамгаалах стратегийг өргөн хүрээнд авч үзсэний зэрэгцээ эдийн засгийн бодлого, гадаад бодлогыг тус тус хамарсан гэжээ.