ОХУ-ын Башкирстаны Бүгд Найрамдах Улсын Баймак хотын шүүхээс Башкирийн нийгмийн идэвхтэн Фаиль Алсыновыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэснийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал өнгөрсөн долоо хоногт нийслэл Уфа болон Баймак хотод боллоо. Жагсаалд мянга орчим хүн оролцож, тэд “Эрх чөлөө”, “Эв нэгдлийн хүч”, “Алсыновт эрх чөлөө олго”, “Бид чамтай хамт байна” зэрэг уриа, лоозунг барьж, бүс нутгийн тэргүүн Радий Хабировыг огцрохыг шаарджээ.

Фаиль Алсыновт Транс-Уралын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, газар тариалангийн талбайг сүйтгэж, усны бохирдол үүсгэж буй асуудалд кавказаас шилжин ирж ажиллаж амьдарч буй иргэд, түүний дотор арменчуудыг буруутгаж, тэднийг  башкираар “кара халык” буюу “хар хүмүүс” хэмээн нэрлэсэн тул “Үндэстэн хоорондын үзэн ядалтыг өдөөсөн”, “хэт даврагч үйл ажиллагаа явуулсан” гэх шалтгаанаар түүнд 2023 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж, ял онооход хүргэжээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар энгийн иргэдийн эсрэг дуут гэрлэн гар бөмбөг, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын хэд хэдэн ажилтан болон энгийн иргэд бэртэж, зургаан хүнийг баривчилжээ. Башкирстаны Мөрдөн байцаах хорооны хэлтсээс шүүхийн ойролцоо гарсан мөргөлдөөний дараа үймээн самуунтай холбоотой зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээлж байна.

Эх сурвалж: https://apostrophe.ua/article/world/ex-ussr/2024-01-18/bashkirskiy-bunt-k-chemu-privedut-protestyi-v-rossiyskoy-glubinke/56109

–o0o–

Similar Posts