
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 10 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү хурлыг Гадаад харилцааны яам болон Стратегийн судалгааны хүрээлэн хамтран жил бүр зохион байгуулдаг.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилт”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх яриа хэлэлцээний уламжлалт индэр болж ирсэн билээ.