Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр буюу энэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Канад, Энэтхэг, Казахстан, Франц, Швейцар, Сингапур, Австрали, Турк, Польш, Унгар, Чех, Швед, Вьетнам зэрэг 20 орчим улсын 60 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, төлөөлөгч нар оролцож байна.

Тус хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд энэ удаа “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд явуулж байна.

Монгол Улсын хувьд бүс нутагтаа яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг наяад оноос тууштай дэвшүүлж, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг тодорхой бүтэцтэй болох санаачилгыг дэвшүүлж, бүс нутгийн орнуудад албан ёсоор зарласан. Энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцэх индэр болоод байгаа юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг 2017 оноос эхлэн Засгийн газрын төлөөлөгчид байр сууриа илэрхийлдэг албан ёсны 1 дүгээр суваг болон эрдэмтэн, судлаачдын оролцдог 2 дугаар сувагтай хослуулан 1.5 түвшин гэсэн хэлбэрээр явуулж байна.

Similar Posts