Украины дайны дараах сэргээн босголтын олон улсын бага хурал зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Лондонд болж, дэлхийн 60 гаруй орны төлөөлөл оролцож, ойрын дөрвөн жилд Украинд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлалаа. Бага хурлын гол зорилго нь дайны дараах сэргээн босголтын асуудлыг хэлэлцэж, Украинд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох явдал юм.
Бага хурлын эхний өдрийн хуралдаанаар Украины сүйрсэн дэд бүтцийг ойрын болон урт хугацаанд нөхөн сэргээх; дайны дараах худалдаа, хөрөнгө оруулалт, шинэчлэл хийх; хүний нөөцөд хөрөнгө оруулалт хийх; дайны дараах эрчим хүчний хөгжлийн стратеги; хувийн хөрөнгө оруулалт; даатгалын механизмыг дэмжих асуудлыг хэлэлцлээ. Хоёр дахь өдрийн хуралдаанаар дайны дараах орон сууцны сэргээн босголт; технологийн салбарын дижитал сэргэлт, хөгжил; Украины сэргээн босголтод орон нутгийн эрх баригчдын үүрэг; мина устгах хүмүүнлэгийн ажиллагааг хэлэлцлээ.
Хуралд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Украины Ерөнхий сайд Денис Шмихал, Эдийн засгийн сайд Юлия Свириденко, Дэд бүтцийн хөгжлийн сайд Александр Кубраков нар биечлэн оролцсон бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар үг хэллээ.
Эх сурвалж: https://www.intellinews.com/western-leaders-at-ukraine-s-recovery-conference-call-on-the-private-sector-to-rebuild-the-country-282365
Бага хурлын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен ирэх 4 жилд Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээ санал болгосон бөгөөд энэхүү багц нь Украины үндсэн дэд бүтцийн сэргээн босголт, Европын Холбооны хөрөнгө оруулалтыг хослуулах зорилгыг агуулж байна. Тэгвэл Английн Ерөнхий сайд Р.Сунак “Дэлхийн банкнаас Украинд гурван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоход Их Британи санхүүгийн баталгаа гаргах төдийгүй Украинд 319 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийнэ” гэдгээ амлалаа.
Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А. Блинкен “Нэмэлтээр 1.3 тэрбум ам.доллар, түүний дотор Украины эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд 520 сая долларыг олгоно” гэдгээ дээр мэдэгдлээ. Швейцарь улс 2027 он хүртэл Украинд 1.5 тэрбум франкийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн бол Франц 2023 онд Украинд дахин 40 сая еврогийн яаралтай сэргээн босголтын тусламж үзүүлэхээ амлалаа.
Украины сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор дэлхийн 42 улсын эдийн засгийн 21 салбарын 500 шахам компани 5.2 их наяд ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээн, Украины бизнесийн компакт гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээрт Google, Siemens, Vodafone, Hitachi, Virgin Group, Rolls-Royce, Philips зэрэг дэлхийн томоохон компаниуд багтаж байна.