Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын ээлжит V удаагийн уулзалт (Украины батлан хамгаалах асуудлаарх Холбоо барих бүлгийн V хурал) маргааш буюу 2022 оны есдүгээр сарын 8-нд Герман дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Рамштейн” баазад болно.

Тус уулзалтад Украиныг дэмжигч дөчөөд орны Батлан хамгаалахын сайд, цэргийн өндөр албан тушаалтнууд биечлэн оролцох бөгөөд Пентагоны тэргүүн Л.Остин удирдан явуулах аж.  

Рамштейн формат нь Украинд өдөөсөн Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд шаардлагатай цэргийн зэвсэглэл, техник, санхүүгийн тусламжийг Украинд үзүүлэх, батлан хамгаалах чадварыг нь сайжруулах, дайны дараа сэргээн босгох зорилготой АНУ-ын санаачлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан, дөчөөд орныг хамарсан батлан хамгаалах хамтын ажиллагааны нэг хэлбэр, механизм юм.

Эхсурвалж: https://en.wikipedia.org/wiki/2022_Ramstein_Air_Base_meeting#/media/File:2022_Ramstein_meeting.jpg

Рамштейн форматын анхдугаар уулзалт хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд Германы Рамштейн хотод АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Рамштейн” баазад болсон учраас ийнхүү нэрлэжээ. 

Украиныг дэмжих Рамштейн форматын дөчөөд улсад Европын Холбоо, НАТО-гийн орнуудаас гадна Австрали, Йордан, Либери, Марокко, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос багтдаг бөгөөд дэмжигч орнуудын тусламж, харилцан ажиллагааг зохицуулах, хянах үүрэг бүхий байнгын ажиллагаатай төвийг Германы Штутгарте хотод байгуулан ажиллуулж байна.

Рамштейн формат нь Украинд үзүүлэх тусламжийн хамгийн том хамтын ажиллагааны механизм бөгөөд үүнд АНУ-аас Украинд 40 тэрбум ам.долларын зэвсэг, техникийг зээл-түрээс (Lend-Lease/Лэнд-Лиз)-ээр олгох багц, Украины тусгаар тогтнолын өдрөөр хандивласан 2.9 тэрбум ам.долларын цэргийн зэвсэглэл багтаж байна.

Маргаашийн уулзалтаар Украины аюулгүй байдлын нөхцөл байдал, байлдааны ажиллагааны талаар мэдээлэл солилцох, сөргөлдөгч хоёр талын хүч хэрэгслийн хариуцуулсан үнэлгээ хийх, яаралтай болон урт хугацаанд шаардлагатай зэвсэглэл, техникийн эрэмбэ, хэрэгцээг тодорхойлох, тусламжийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал, Оросын цэргийн давшилтыг сааруулах хүнд их буу, ар тал хангалтыг утсгах 80 км дээш тусгалтай тийрэлтэт артиллерийн галын систем, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, батерейны эсрэг радар, тагнуул, цохилтын зориулалттай төрөл бүрийн нисэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон, хөлөг онгоц, нисэх онгоц, дрон, радарыг устгах зориулалттай холын тусгалтай пуужин зэргийг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах бололтой.

Similar Posts