“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан уг тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж буй юм. Төсөлд монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ.
Тус тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэгтэй ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран ажилласан буюу Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын төвийн эрхлэгч Э. Энхмаа төлөөлөн оролцлоо.