НҮБ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд байгуулсан А.Дабайба тэргүүнтэй Ливийн Үндэсний эв нэгдлийн хуучин Засгийн газар, Ливийн парламентаас энэ оны хоёрдугаар сард сонгогдсон Ф.Башага тэргүүнтэй шинэ Засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливийн нийслэл Триполи хотод мөргөлдөөн боллоо. Үүний улмаас наймдугаар сарын 28-ны байдлаар 32 хүний амь үрэгдэж, 159 хүн шархдаж, Ф.Башагагийн талынхан ялагдал хүлээн хотыг орхин гараад байна.
Ийнхүү Ливид их гүрнүүдийн эрх ашгийг төлөөлсөн улс төрийн институц, зэвсэгт бүлэглэл хоорондын зөрчил тэмцэл дахин хурцдаж эхэлсэн нь НҮБ, Европын Холбоо зэрэг барууны дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны сүүлээр товлогдсон Ерөнхийлөгчийн сонгууль радикал исламистуудын зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааны улмаас бүтэлгүйтсэнтэй холбоотой.
Ливийн Тобрук хот дахь тус улсын парламент нь “Сонгууль тасалдуулсан, Бүрэн эрхийн хугацаа дууссан” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард үзэж, Триполи дахь Ливийн Ерөнхий сайд А.Дабайбын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, түүний оронд Дотоод хэргийн сайд асан Ф.Башагаг шинэ Ерөнхий сайдаар сонгосон. Сонгогдсон даруйдаа Ф.Башага үүрэгт ажилдаа орохоор Триполид хүрэлцэн ирсэн ч хуучин Ерөнхий сайд А.Дабайба: “Парламентын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн бүх нийтийн сонгуулиар сонгогдсон шинэ Засгийн газарт бүрэн эрхээ шилжүүлнэ” хэмээн эсэргүүцсэнээр засгийн эрхийн төлөөх тэмцэл өнөөг хүртэл хурцаар өрнөж байна.
Шинэ Ерөнхий сайд Ф.Башага: “Албан тушаалаасаа сайн дураараа огцрох”-ыг шаардсан тулган шаардах бичгийг хуучин Ерөнхий сайд А.Дабайбад наймдугаар сарын 24-нд дахин хүргүүлж, цэргийн хүчээр засгийн эрхийг авахыг оролдсон ч, А.Дабайба Триполи хотыг болон хуучин Засгийн газраа цэрэг зэвсгийн хүчээр хамгаалан түр ялалт байгуулаад байна. Хэдийгээр Ф.Башага сүүлийн зургаан сарын хугацаанд Триполи хотыг хоёр дахь удаагаа довтлоод засгийн эрхийг авч чадаагүй ч хоёр Ерөнхий сайдын зэвсэгт мөргөлдөөн цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Хуучин Засгийн газар зөвхөн Триполи хот болон түүний орчимд хяналтаа тогтоож байгаа бол Ливийн газар нутгийн ихэнх хэсгийг хяналтандаа байлгаж байгаа Ливийн Үндэсний армийн командлагч генерал Х.Хафтараас тус орны цаашдын хувь заяа ихээхэн хамаарахаар байна. Генерал Х.Хафтарыг Египет, Арабын нэгдсэн Эмират, ОХУ дэмжиж байгаа бол НҮБ, Европын Холбоо, Алжир, Турк улс Триполи дахь хуучин Засгийн газрыг дэмжиж байна.
Олон улсын түншүүдээс цэрэг-улс төрийн дэмжлэгтэй хуучин Ерөнхий сайд А.Дабайба Засгийн газрын төв байр болон нийслэл дэх гол объектуудын аюулгүй байдлыг хангах нэрийдлээр цэргийн хүч хуримтлуулж байгаа бол Ф.Башага Ливийн Үндэсний армийн дэмжлэгтэйгээр Триполи руу дахин довтолж болзошгүй байна.