Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг /ТУХН/-ийн орнуудын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Кыргызстаны нийслэл Бишкек хотноо өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо. Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Кыргызтаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар оролцлоо. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян дээд хэмжээний уулзалтад ирээгүй болно.
ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт ерөнхийлөгч нарын хүрээнд болон өргөтгөсөн бүрэлдэхүүний оролцоотой гэсэн хоёр хэлбэрээр явагдаж, дараах шийдвэрүүдийг гаргаж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
• Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцох;
• Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг 2024 онд ОХУ даргалах;
• Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 8-нд Москвад хийх;
• ТУХН-ийг хөгжүүлэх, гишүүн орнуудын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хүндэт тэмдгээр шагнах;
• Орос хэлний олон улсын байгууллага байгуулах;
• Тоон технологийн салбарт төрийн удирдлагын тогтолцоог уялдуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл;
• Олон туйлт ертөнц дэх улс хоорондын харилцааны зарчмуудын тухай Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл;
• Хүн, иргэний шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах тухай Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл;
• Орос хэлийг үндэстэн хоорондын харилцааны хэл болгон дэмжих, сурталчлах тухай Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл;
• Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд ажиглагчийн статус, түншийн статус олгох;
• Гэмт хэргээс олсон орлогыг хууль ёсны болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний олон улсын төв байгуулах тухай хэлэлцээр;
• Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын шүүх эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлээр зохицуулах зөвлөл байгуулах тухай хэлэлцээр;
• Гэмт хэрэгтэй тэмцэх 2024-2028 он хүртэл авах нэгдсэн арга хэмжээний гишүүн улс хоорондын хөтөлбөр;
• “Энх тайвныг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийн төлөө” медаль бий болгох;
• Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотыг 2024 онд Хамтын нөхөрлөлийн соёлын нийслэлээр зарлах.
Дээд хэмжээний уулзалтаар Төрийн удирдлагын цахимжуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай; олон туйлт ертөнц дэх олон улсын харилцааны тухай; хүн, иргэний шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах тухай; Орос хэлийг үндэстэн хоорондын харилцааны хэл болгон дэмжих, сурталчлах тухай хамтарсан дөрвөн мэдэгдэл гаргалаа.
Мөн Гэмт хэргээс олсон орлогыг хууль ёсны болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний олон улсын төв байгуулах тухай хэлэлцээр; Шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулах тухай хэлэлцээр; Гэмт хэрэгтэй тэмцэх 2024-2028 онд хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний гишүүн улс хоорондын хөтөлбөр зэрэг арав гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал, Орос хэлний олон улсын байгууллага байгуулах тухай хэлэлцээрийг байгуулж, орос хэлийг үндэстэн хоорондын харилцааны хэл болгон дэмжих, сурталчлах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Мөн ТУХН-т найрсаг улс, байгууллагуудтай өргөн хүрээний, байнгын, үр дүнтэй хамтын ажиллагаа явуулах боломжийг олгох зорилгоор ТУХН-ийн ажиглагч, түншийн статус олгож байх шийдвэр гаргалаа.
ТУХН-ийг хөгжүүлэх, хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын найрамдал, сайн хөрш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хүндэт тэмдгээр шагналаа.
Дээд хэмжээний уулзалтаар Төрийн тэргүүнүүд энх тайвныг бэхжүүлэх, олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахад хамтын нөхөрлөлийн орнуудын иргэд болон бусад улсын төлөөлөгч, хувь хүний онцгой гавьяаг үнэлсний илэрхийлэл, улс хоорондын нэгдмэл шагнал болох “Энх тайвныг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийн төлөө” медалийг шинээр бий болголоо.