НАТО-гийн гишүүн 30 орны дээд хэмжээний уулзалт 2022 оны зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Мадрид хотноо тохиож, Орос-Украины асуудал, Умард Атлантын эвслийн стратегийн шинэ үзэл баримтлал, НАТО-гийн бэхжилт, тэлэлт, түншлэл, санхүүжилт, терроризмын эсрэг тэмцэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Уулзалтад НАТО-гийн түнш Австрали, Япон, Өмнөд Солонгос, Гүрж, Шинэ Зеланд, Украин, Иордан, Мавритани, Босни Герцеговин зэрэг орны төр засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нар анх удаагаа оролцлоо.
Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн хамгийн гол асуудал бол НАТО-гийн 2030 он хүртэл баримтлах стратегийн шинэ үзэл баримтлалыг баталсан явдал бөгөөд тус баримт бичигт, ОХУ-ыг эвслийн орнууд болон Европын энх тайван, аюулгүй байдалд учирч буй гол аюул заналхийлэл, Хятадыг тэдэнд учирч буй сорилт хэмээн тодорхойлж, эдгээр аюул заналхийлэл, сорилтыг саармагжуулах зорилгоор НАТО-гийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүчний тоог одоогийн 40 мянгаас 300 мянгад хүргэхээр төлөвлөлөө.
Мөн терроризм, хууль бус цагаачлал, хүний наймаа, кибер халдлага, уур амьсгалын өөрчлөлт, тасалдуулан сүйтгэх технологи зэрэг нь НАТО-д учирч буй уламжлалт бус аюул занал, сорилт хэмээн тодорхойллоо.
Эвслийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гишүүн орнууд 2024 он гэхэд улсынхаа ДНБ-ний хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах амлалт үүрэг авч, 3.5 тэрбум ам.долларын инновацын сан байгууллаа.
Мадридын дээд хэмжээний уулзалтын хүрээнд НАТО-гийн холбоотон орнуудын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар тусдаа уулзалт хийж, Эвслийн өмнөд жигүүрийн байдал, Балканы хойгийн нөхцөл байдал, терроризмын эсрэг тэмцэл, цагаачлалын асуудлыг хэлэлцэх зорилгоор Мавритани, Иордан, Босни Герцеговины төлөөлөгчдийг тус уулзалтад урьж оролцууллаа.
Дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцож, барууны орнуудаас Украинд илүү их, хүнд зэвсэглэл техник нийлүүлэхийг хүслээ.
НАТО цаашид Украинтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, ЗХУ-ын үеийн цэргийн зэвсэглэлээс НАТО-ийн стандартын орчин үеийн зэвсэглэл техник рүү шилжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын байгууллагуудыг шинэчлэх, сэргээн босголтод санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Швед, Финланд улсуудын НАТО-д элсэх хүсэлтийг Турк эсэргүүцэж байсан ч уулзалтын үеэр гуравласан гэрээ байгуулж, улс төрийн тохиролцоонд хүрснээр, дээрх хоёр улсыг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Гэхдээ шинээр элссэн гишүүд эвслийн 30 улсын парламентаар батлагдсаны дараа гишүүнчлэл нь хүчин төгөлдөр болох юм.