2022 оны долдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербург хотод Тэнгисийн цэргийн хүчний баярын арга хэмжээнд оролцох үедээ “ОХУ-ын тэнгисийн цэргийн номлолыг батлах тухай зарлиг”-т гарын үсэг зурав. Ингэснээр 2015 онд Крымийг нэгтгэсний дараа шинэчилсэн тэнгисийн цэргийн номлол хүчингүй болж байна.
Шинээр батлагдсан “ОХУ-ын тэнгисийн цэргийн номлол”-д “Үндэсний ашиг сонирхол” гэсэн шинэ бүлэг орсноороо онцлогтой байна. Номлолд Оросын үндэсний ашиг сонирхлыг тодотгож, ОХУ болон дэлхийн далай, тэнгист тулгарч буй аюул, сорилтуудыг тодорхойлж, “Далайн их гүрний хувьд дэлхийн бүх далай, Каспийн тэнгис ОХУ-ын ашиг сонирхолд хамаарна” хэмээн тусгасан байна. Тус улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч буй гол сорилтыг АНУ-ын далайд ноёрхлоо тогтоох хандлага хэмээн уг баримт бичигт тэмдэглээд, Курил, Балтийн тэнгис, Хар тэнгис, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг нь үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцолжээ. Мөн Хар тэнгисийн флотыг хүчирхэгжүүлэх замаар Крымь дэх цэргийн дэд бүтцийг бэхжүүлэх, Улаан тэнгист Оросын материал-техникийн хангалтын цэг байгуулах талаар дурдаад Хойд мөсөн далайд бусад орны тэнгисийн цэргийн ажиллагааг хянахад онцгой анхаарал хандуулах, Атлантын далайд НАТО-ийн цэргийн дэд бүтцийг тус улсын усан хилд  ойртуулахыг эсэргүүцэх  талаар тусгасан байна.
Тэнгисийн цэргийн шинэ номлолд, цэргийн хөлөг онгоц, түүний дотор нисэх онгоц тээвэрлэх хөлөг онгоц шинээр үйлдвэрлэх, энгийн зориулалтын хөлөг онгоцыг дайны үед цэргийн зориулалтаар ашиглах зэрэг асуудлыг мөн оруулсан байна.

Анхаарал татсан бас нэгэн асуудал нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Тэнгисийн цэргийн хүчний баярын арга хэмжээнд оролцохдоо хэлсэн үгэндээ хэт авианы “Циркон” далавчит пуужинг ойрын хугацаанд цэргийн зэвсэглэлд нийлүүлэх талаар дурдсан явдал байв. Дашрамд дурдахад “Циркон” нь дууны хурднаас 9 дахин илүү хурд (~10,2 мянган км/цаг)-тайгаар 30-40 км-ийн өндөрт нисч, мянга орчим  км-ийн алсад байгаа усны мандал дээрх болон газрын обьектыг устгах чадвартай анхны далавчит пуужин  болно. “Циркон” далавчит пуужинг зэвсэглэлд оруулснаар ОХУ-ын  тэнгисийн цэргийн хүчинд цэрэг-стратегийн давуу байдал үүсэх юм. “Циркон” далавчит пуужинг Хойд флотын “Адмирал Горшков”  хөлөг онгоцонд эхлэн суурьлуулах ажээ.

Similar Posts